М.Нансалмаа
Сэтгүүлч
Эдийн засаг
8 цагийн дараа
94
Зээлжих зэрэглэлийн оноонд үүрэн телефоны болон хэрэглээний төлбөр нөлөөлөхгүй

Монголбанкнаас зээлжих зэрэглэлийн онооны талаар мэдээлэл өглөө.  Монголбанкны зээлийн мэдээллийн хэлтсийн захирал Л.Дөлгөөн: “Монголбанкнаас иргэдийн зээлтэй холбоотой гомдол мэдээллийг нэгдсэн платформд хүлээн авч, тухайн гомдол нь ямар шатанд явааг мэдээлдэг мэдээллийн цэсийг И-монголиад оруулахаар төлөвлөж байна. Мөн зээлийн мэдээлэлд засвар оруулах явцыг цахимжуулах ажлыг хийж байна.  Есдүгээр сардаа багтаж ашиглалтанд орсноор зээлтэй холбоотой ойлгомжгүй байдал арилна” гэлээ.

Зээлжих зэрэглэлийн оноонд үүрэн телефоны төлбөр болон хэрэглээний төлбөр нөлөөлөхгүй боллоо.

Ингэснээр зөвхөн тухайн иргэний зээлийн төлөлтөөс хамаарч, оноо өөрчлөгдөнө гэсэн үг. Тодруулбал, өмнө нь хугацаа хэтрүүлсэн үүрэн телефоны 690 мянган өр төлбөр байна. Эдгээр нь нөлөөлөхгүй болсноор иргэдийн зээлжих зэрэглэл тодорхой хэмжээнд дээшилнэ.

Л.Дөлгөөн: “Өмнө нь нэг л зээл хугацаа хэтэрсэн бол зээл олгохоос татгалздаг байсан. Монголбанкны зүгээс зээлжих зэрэглэлийн оноог ашиглахыг зөвлөж байна. Санхүүгийн байгууллага онооны шалгуураар зээл олгодог болсноор иргэдэд ойлгомжтой болох юм”

Зээлээ төлж чадаагүй иргэд хар жагсаалтад орох биш зээлжих зэрэглэлийн оноогоороо өөр газраас зээл авах боломжтой

Тэрбээр “Иргэд зээлжих зэрэглэлийн оноо болон зээлийн мэдээллийн лавлагааг дотор нь хольж ойлгоод байна. Зээлийн мэдээллийн лавлагаа нь тухайн иргэн, ААН-ийн нийт авсан зээлийн түүх. Харин зээлжих зэрэглэлийн оноо нь тухайн иргэний зээлээ хэрхэн төлсөн түүхэн дээр нь суурилаад тухайн зээлдэгчийн санхүүгийн сахилга батыг харуулж буй оноо юм. Өмнө нь зээлээ нэг л хоцроосон бол автоматаар зээл олгохоос татгалздаг байсан. Харин зээлийн оноотой болсноор өөрийн оноонд тохирсон зээлийг судалж, авах боломжтой болсон. Зээлийн оноо нь зээлээ сайн төлдөг, өндөр оноотой хүмүүст бага хүүтэй болон өндөр зээл олгох давуу тал үүсгэнэ. 

Иргэдийн хувьд зээлийн ангиллаас болж, зээл авч чаддаггүй байдлыг халах зорилготой. Банк, санхүүгийн байгууллагууд зээл олгох босго оноог өөрсдөө тогтоодог” гэлээ.