

Бид энэ удаагийн ярилцлагаараа хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай хөдөлмөрлөж байгаа 18 настай Б.Өрнөхбаярыг онцолж байна. Тэрээр ЕБС-аа төгсөөд өөрийн бизнесээ эхлүүлсэн тухайгаа Инстаграм хаягаараа дамжуулан хүргэдэг билээ.
-Сайн уу. Манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач.
Сайн байна уу? Намайг Будзааны Өрнөхбаяр гэдэг. Одоо 18 настай. Би энэ жил 32-р сургуулийг төгсөөд, одоо ШУТИС-ийн инженерийн ангид суралцах гэж байгаа.
-Бизнес эхлүүлнэ гэхэд гэр бүл болон найзууд чинь хэрхэн хүлээж авсан бэ? Чамайг хамгийн их дэмжсэн хүн хэн байсан бэ?
Манай гэр бүлийнхэн намайг бизнес эхлүүлэхэд маш их дэмжсэн. Хамгийн анх би энэ шийдвэрийг өөрөө гаргаагүй. Аав, ээж маань надад “Ийм бизнес эхлүүлээд сургалтынхаа төлбөрийг олоорой” гэж санал тавьсан. Тэр санал нь надад бас таалагдаад, энэ бизнесийг эхлүүлсэн.
-Яагаад заавал “Street food” бизнесийг эхлүүлэхээр шийдсэн бэ?
2, 3 жилийн өмнө аав маань “Street food ажиллуулъя” гэж ярьдаг байсан. Тийм учраас аав минь надад санал болгосон. Надад энэ санал таалагдаад, ажиллуулж эхэлсэн. Би өмнө нь бизнес эхлүүлэх гэж оролдож байсан. Тэгээд 2, 3 бизнес маань дампуурч байсан.
-Бизнесээ хэзээнээс эхлүүлсэн бэ?
Энэ жил ЭЕШ-ээ өгөөд тэгээд шууд чиргүүлээ авсан. Энэ оны зургаадугаар сард өөрийн бизнесээ эхлүүлсэн гэсэн үг. Одоо 2 сар гаран болж байна.
-Анхны борлуулалтаа санаж байна уу? Тэр өдөр ямар мэдрэмж төрж байсан бэ?
Хамгийн эхний өдөр Street food-ийнхаа чиргүүлийг авчрахаар ирсэн байсан. Тэр өдөр бараагаа зарах бодолгүй, чиргүүлээ янзлаад зогсож байсан чинь нэг эгч ирээд, ундаа худалдаж авсан. “Хэд болсон бэ?” гэхэд нь би үнийг нь сайн мэдэхгүй байсан. Тэр эгч өөрөө үнийг нь хэлээд ундаагаа авсан.
Тэгээд нэг ундааг 4 мянгаар зарсан. Уг нь 3 мянгаар зардаг байсан юм байна лээ. Тэр өдөржин ундаагаа 4 мянгаар зарсан болохоор авсан хүмүүс жаахан муухай хараад байсан. Одоо бол учраа олчихсон.
-Бизнесийнхээ явцад “болих уу даа” гэж бодож байсан үе байсан уу?
Ёстой үгүй ээ, гэхдээ хааяа жаахан айгаад байдаг. Би өөрөө мэргэжлийн тогооч биш, зүгээр л 18 настай, дөнгөж сургуулиа төгссөн, физикийн хичээл бодож байсан хүүхэд гэнэт гарч ирээд хүмүүст хоол хийж зараад байна гэхээр сонирхолтой л санагдаж байгаа. Мэргэжлийн тогооч биш болохоор жаахан санаа зовдог юм. Гэхдээ сэтгэлээсээ хийдэг. Дараа жил илүү сайжирна аа.
-Энэ бизнесээ цаашид хэрхэн хөгжүүлж, хэдэн жилийн дараа хаана хүрсэн байхыг хүсэж байна вэ?
Энэ жил зүгээр энгийн street food ээ ажлуулна гэж бодож байгаа. Харин дараа жилээс би өөрийн гэсэн брэнд үүсгээд, бүх аягануудаа өөрийнхөө нэртэй, логотой байдлаар хийж оруулж ирнэ гэж бодож байна.
-Сургалтын төлбөрөө төлөхөд бэрхшээл байсан уу? Үнэ нэмэгдэх ч юм уу?
Манай сургуулийн төлбөр яг тухайн үедээ хэдэн кредит хичээл судлахаасаа хамаараад өөр өөр байдаг. Жишээ нь, нэг кредит нь одоо 209 мянга гэж байна лээ. Ямартай ч энэ жилийнхээ төлбөрийг олчихсон байгаа. Одоо хэрэглээнийхээ мөнгийг цуглуулж байгаа.
-Мөн чиний насны, бизнес эхлүүлэхийг хүсдэг ч айдаг залууст юу гэж зөвлөх вэ?
Манай үеийнхэн бүгдээрээ “Бизнес эхлүүлье, мөнгөтэй болъё” гэсэн хүсэлтэй байдаг. Цаад утгаараа мөнгөтэй болъё гэсэн хүсэлтэй. Мэдээж бизнес эхлүүлэхэд мөнгөний асуудал гарч ирнэ. Мөнгөний асуудлаа аав, ээжтэйгээ ярилцаад, Монголд хийж болох бизнесийг эхлүүлбэл аав, ээж нар нь дэмжих байх гэж би бодож байна.
Хүмүүс чатаар амжилт хүсдэг. Манай үеийн хүүхдүүд болохоор “Мундаг байна ш дээ” гэх мэт сэтгэгдлүүд үлдээдэг. Дүү нар маань “Гоё, очиж идэж үзье” гэж коммент бичдэг. Найзууд маань бүгдээрээ ирж үйлчлүүлж байгаа. Үйлчлүүлж байгаа хүн болгондоо баярлалаа гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
Л.Маралжин
Ярилцлага үзэх:
