

Архины хэрэглээ түүнээс үүдэх асуудлыг бууруулах мөн шөнө оройн цагаар гудамж, талбайд архидан согтуурч байгаа нь иргэдийн амар тайван байдлыг алдагдуулж байгаа учраас нэгдүгээр хорооллын иргэд "ҮР ХҮҮХДЭЭ АРХИДАЛТГҮЙ ОРЧИНД АМЬДРУУЛМААР БАЙНА” гэх шаардлага гаргажээ.
Уг шаардлагад 600 иргэн нэгдэн гарын үсэг зурж, 7 зүйлтэй албан бичгийг Монгол Улсын Ерөнхий Сайд Н.Учрал, Улаанбаатар хотын дарга Б.Пүрэвдагва нарт хүргүүлжээ.
Энэхүү аяныг санаачлагч иргэн С.Мөнхтулга “Хүргүүлсэн шаардлагын хариу маань яаж ирэхээс шалтгаалан дараагийн ажилдаа орно. Хэдийгээр цагдаа нар шөнийн цагаар эргүүлд гардаг ч хүн хүч нь хүрэлцдэггүй. Тиймээс цагдаа нарыг тоог нэмэгдүүлэхийг шаардаж байна. Бид аюулгүй орчинд амьдрах ёстой.” гэлээ.
Тус хорооллын иргэн Э.Туул “ Хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэг, орон сууцны нийтийн эзэмшлийн талбайд согтууруулах ундаа хэрэглэхийг хуулиар хориглох хэрэгтэй байна. Гадаа гарч тоглохоор явсан хүүхдэдээ байнгын санаа зовоостой шөнө орой болохоор хөгшин залуугүй гадаа орилолдож, архидан согтуурч байна. Энэ аяныг 100 хувь дэмжинэ” гэлээ.
Иргэн Б.Батдэлгэр “Насанд хүрээгүй хүүхдүүд ч шөнө оройн цагаар архидан согтуурч байна. Насанд хүрээгүй хүүхдүүдэд архи, тамхи борлуулж байгаа дэлгүүрүүдийг шалгах хэрэгтэй. Үүний эсрэг бид нар ч иргэний үүргээ биелүүлж шаардлага тавьж байх хэрэгтэй” гэв.
Д.Тэнгис
