m.mn
түрүүлж мэдээлнэ
Улс төр
2026.08.28 16:51
561
Ерөнхийлөгчид горилогсод...

Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирж, горилогсод ил болон далдаар сурталчилгаагаа хийгээд эхэлж. Өнөөдрийн байдлаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор  мэдэгдээд буй улс төрчид гэвэл Н.Алтанхуяг, Л.Гантөмөр нар. Тэд Ардчилсан намаас нэр дэвшихээр нэг нүхээр чихэлдэж буй.

МЕС судалгааны байгууллагын түйврийн аргаар хийсэн судалгаагаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг рейтингээрээ Ардчилсан намаа өнгөлж буйг дурдсан. Гэвч тэрээр өнөөдрийг хүртэл шүүхийн маргаанаа эцэслэж чадаагүй байна.

Харин уг судалгааг АН-ын дарга асан Л.Гантөмөр удаалж байгаа бол улс төрөөс удаан хол байсан С.Баярцогтыг нэр дэвших магадлалтай хүмүүсийн нэгээр нэрлэж буй. Учир нь тэрээр Оюу толгойн сонсголын үеэр хар чимедоноо чирэн гарч ирснээсээ хойш АН-ын генсекээр ажиллаж, галыг нь манаж байгаа. Улс төрийн арвин туршлагатай тэрээр бас нэг хүчтэй кандидат. Мэдээж намын дарга О.Цогтгэрэлд ч санаархал бий. Дотроо шуудайнд хийсэн үхрийн эвэр мэт буруу харсан дөрвөн фракцтай улс төрийн хүчин эвлэлдэн нэгдэж гэмээ нь Ерөнхийлөгчийн сонгууль, цаашлаад 2028 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулах боломж бүрдэнэ.

Харин эрх барьж буй МАН-аас Ерөнхий сайд асан Г.Занданшатар, УИХ-ын дарга С.Бямбацогт, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгийн нэр яригдаж байна.

МАН-аас хамгийн рейтинг өндөртэй байгаа нь Г.Занданшатар гэж МЕС судалгааны байгууллага онцлов. МАН-ын намын 30:38-ын хуваагдал хурцадсан өнгөрсөн хавар Г.Занданшатарын Засгийн газар унасан билээ. Нэр дэвшсэн тойргоосоо ч гарч чадаагүй түүнийг МАН Ерөнхийлөгчийн сонгуульд сойх болов уу?

С.Бямбацогт, С.Амарсайхан нарын улс төр дэх нөлөө суларсан гэж хэлэхэд болно. Хэдийгээр Засгийн газрын гал тогоог барилцаж байгаа ч намынх нь гишүүдийн дэмжлэг сул. Харин Б.Батцэцэгийн хувьд эмэгтэй гишүүн гэдэг утгаараа байж болох л сонголт.

ХҮН нам болон ИЗНН-аас хэн дэвших эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч “50 нас хүрсэн, өмнө нь Ерөнхийлөгч болж байгаагүй” хүн нэр дэвших боломжтой гэсэн шалгуурыг намын дарга нар хангасан.

“Алтан Дорнод Монгол” компанийн Ерөнхий захирал Тордайн Ганболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд бэлэн байгаагаа илэрхийлээд амжсан. Горилогчид олон ч суудал нь ганц юм хойно хэн Ерөнхийлөгчийн суудалд суухыг ард иргэд шийднэ.