

УИХ-ын тухай хуульд зааснаар УИХ-ын гишүүн нь дахин сонгогдоогүй тохиолдолд нэг жилийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа төрөөс авах заалттай. Эл асуудал нь Монгол Улсын иргэн бүр хууль, шүүхийн байгууллагын өмнө тэгш эрхтэй байх зарчмыг зөрчиж байна гэж үзэн хуульч О.Батхүү ҮХЦ-д мэдээлэл гаргасан байдаг.
Тэгвэл уг асуудал болон сүүлийн үед яригдаж байгаа орон сууцны захиалга, барилгын залилангийн асуудлаар хуульч О.Батхүүтэй уулзаж тодрууллаа.
-Та өнгөрсөн онд УИХ-ын гишүүн дахин сонгогдоогүй бол 64,800,000 буюу 1 жилийн цалингаа авах хуультай. Гэтэл жирийн иргэд бид 3 сарын цалингаа авдаг. Энэ хуулиа гишүүд өөрсдөө санаачилж цуцал гэсэн байр суурийг илэрхийлсэн. Тэгвэл энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд гаргасан таны гомдол ямар шатанд яваа вэ?
-Үндсэн хуулийн 14-р зүйлд Монгол улсын иргэн хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байна гэж заасан байдаг. Тэгш байнаа гэдэг нь бид нар татвар төлбөл адилхан төлнө. НДШ төлөөд ажилгүй болох юм бол мөн адил ажилгүйдлийн тэтгэмжийг адил тэнцүү хэмжээгээр авах ёстой гэж заасан байдаг.
Гэтэл УИХ-ын гишүүд маань өөрсдөдөө давуу байдал үүсгээд ажилгүй болох юм бол буюу дахин сонгогдоогүй бол нэг жилийнхээ цалинг авна гэж байгаа. Энэ бол 60 гаран сая төгрөг. Маш их мөнгө. Гэтэл жирийн иргэд бид нар ажилгүй болох юм бол 3 сарын цалинг авч байгаа. Энийгээ бас нэг дор авахгүй. Увуулж, цувуулж авдаг. Тэгэхээр хууль шүүхийн өмнө тэгш байна гэж байгаа бол тэр гишүүн байна уу иргэн байна уу ялгаагүй адилхан авдаг больё.
Энэ хуулийн агуулга нь өөрөө Үндсэн хуулийг зөрчиж байгаа учраас хүчингүй болгож өгнө үү гээд Үндсэн хуулийн цэцэд хандсан. Харамсалтай нь Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэхээс татгалзсан.
-Жирийн иргэн ажилгүй болоход 3 сарын тэтгэмж авдаг байхад гишүүд 1 жилийн цалин авах нь яагаад буруу вэ?
-Яахав УИХ-ын гишүүн гэдэг бол татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг хууль баталдаг төрийн эрх барьдаг хүмүүс. Хэрвээ энэ хүмүүс тусгай хангамж эрх эдлэх ёстой бол яг тэр хууль батлахтай холбоотой тусгай хангамж эрх мэдлийг эдлэх ёстой. Тэрнээс биш энэ ажлаа өгснийхөө дараа дахиад нэг жилийн цалин авна гэдэг бол яаж ч бодсон эрх тэгш явдал биш. Нөгөө талдаа энэ чинь зөвхөн нэг жилийн цалингаас гадна бага цалинтай ажилд орох юм бол зөрүүг нь авна гэж байгаа. Тэгэхээр та бидний хэнд нь ч ийм эрх хуулиар олгогдоогүй.
Бид нар ажлаасаа гарвал ажилгүйдлийн тэтгэмжийг гурван сар аваад л зогсчихдог. Гэтэл УИХ-ын гишүүн нөхөн тэтгэмж авна эсвэл одоо авч байгаа цалингаасаа бага цалин авах юм бол зөрүүг нь авчихдаг.
Дээр нь нэмээд хөдөө орон нутагт амьдардаг гишүүд буцаад тийшээгээ нүүх юм бол тээврийнх нь зардлыг өгдөг.
Хэнийг нь ч дургүй байхад нь хүчээр авчраад гишүүн болгоогүй. Өөрсдөө хүсэж, зорьж би та бүхний төлөө ажиллая гэж гишүүн болсон. Би төрдөө зүтгэе гээд баахан амлалт өгч гарч ирчихээд гишүүнээсээ буухаараа ийм өндөр хэмжээний цалин авч байгаа нь яавч эрх тэгш шударга байх энэ зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.
-УИХ-ын гишүүд өөрсдөө энэ хуулиа яагаад өөрчлөхгүй байна вэ?
-Энийг би харин гайхаад байна. Одоо сонгууль болохоор л бид нартай яг адилхан хүн болчихдог. Би та бүхнийхээ төлөө зүтгэнэ барина гээд л. Тэгээд УИХ-ын гишүүдэд нэг онцгой эрх байгаа нь хууль батлах. Тэгээд өөртөө зориулаад бүр илүү давуу ашигтай нөхцөл олгосон хууль баталсан.
Тэгэхээр би энэ Үндсэн хуулийн цэцэд хандах цорын ганц аргаа эдлээд харамсалтай нь маргаан үүсгэхээс татгалзсан учраас гишүүдэд хандаж байгаа юм. Та хэд маань хуулиа өөрчлөөч ээ. Бидэнтэйгээ л адилхан байлдаа гэж байгаа юм.
Заавал яагаад ингээд өөртөө тусгай эрх эдлээд татвар төлөгчдийн мөнгөнөөс ийм их мөнгө аваад байгаа юм бэ одоо энэ байж байгаа 126 гаас тал нь буюу 70, 80 гишүүн дахин сонгогдохгүй байлаа гэж бодоход төсвөөс бас маш их хэмжээний мөнгө гарахаар байгаа. Тэгэхээр одоо ингэж өөртөө онцгой эрх эдлэхээ болиоч ээ гэж би хүсэж байгаа.
-Энэ хуулийг өөрчлөх хамгийн зөв гарц юу вэ?
-Энэ бол гишүүд өөрсдөө санаачлах л ёстой зүйл. Одоо энэ ордонд чинь маш их шударга маш их зарчим ярьдаг ард иргэдийнхээ төлөө зүтгэе гээд л ярьж явдаг олон л гишүүн байдаг юм билээ.
Тэрнээс хэн нэгэн нь хуулийн төсөл санаачлаад тэгээд энэ хуулиа өөрчлөх эрх нь гишүүдэд байгаа. Эсвэл одоо бүх хүнд л адилхан ханд. Бид нар ч гэсэн ингээд 10 жил 15 жил нийгмийн даатгалын мөнгө төлөөд явж байна. Тэгээд ямар нэгэн байдлаар ажилгүй болох юм бол нэг жилийнхээ цалинг ч гэсэн авмаар л байна. Ер нь бол адилхан байя л гэж байгаа юм гол санаа нь.
Тэрнээс биш гишүүд онцгой эрхтэй бид нарт тийм эрх байхгүй гэсэн юм байж болохгүй. Гэхдээ хамгийн гол нь энэ гишүүн гэдэг хүн бол ажлаасаа буусныхаа дараа хангамж эдлэх гээд байна.
Яг одоо ингээд ажлаа хийгээд төрийнхөө төлөө зүтгээд хууль тогтоогоод ингээд явж байгаа нөхцөлд хамаа алга. Тэд нар угаасаа онцгой эрх эдэлж байгаа. Орон байр нь халдашгүй байна. Цагдаа шүүх нь дуудахад очихгүй байна.
Туслахтай байна, зөвлөхтэй байна, гадаад томилолт авч байна. Одоо янз бүрийн сонсгол зохион байгулж байна.
Энэ үедээ тэрнийгээ хэрэглэж болно. Харин буугаад одоо ингээд явсан болохгүй гэж байгаа юм. Ер нь ард түмэн сонгооогүй учраас бууж байгаа юм. Энэ нь болохоор тэр хүн тийм сайн ажлаагүй байнаа гэдгийг л харуулж байгаа хэрэг.
Үнэхээр л одоо сайн ажиллаж байгаа мундаг ажиллаж байгаа гэвэл хүмүүс сонгоод л байна.
Гэтэл хүмүүс сонгоогүй байхад буучихаад за нэг жилийнхээ цалинг авья эсвэл бага цалинтай ажилд орвол зөрүүгээ авья гэдэг бол зарчмын хувьд буруу гэж үзэж байгаа. Бас энд нэг зүйлийг нэмж хэлэхэд гадны улс оронд ихэнх нь ингэж өгдөггүй юм билээ. Яагаад ингэж өгдөггүй гэхээр тухайн хүнийг хүчээр авчирч гишүүн болгоогүй учраас ингэж өгдөггүй.
64,800,000 төгрөг гэдэг бол асар их мөнгө. Үүгээр чинь байрны урьдчилгаа хийчихэж байна. Машин аваад уначихаж байна. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлчихөж байна. Тэгээд ядаж байхад манайх чинь 126 гишүүнтэй.
Тэгэхээр энийгээ Үндсэн хуулийнхаа зарчимд нийцүүлмээр байна. Тэгэхээр энэ бол эрх тэгш биш байнаа л гэж үзэж байгаа юм.
-Хэрэв УИХ энэ заалтыг хасахгүй бол та цаашдаа яаж тэмцэхээр төлөвлөж байна вэ?
-Би Үндсэн хуулийн цэцэд дахиад нэг хандаад үздэг юм уу гэж бодож байгаа.
Өмнө нь би хэд хэдэн асуудлаар цэцэд хандаж байсан тэгэхээр үүнийхээ үндэслэлийг нь өөрчлөөд өгөхөд бол хүлээж авах магадлал байгаа болов уу гэж харж байгаа. Тухайлах юм бол би хүн өөрийнхөө өмчилж байгаа хашаа байшин үл хөдлөх хөрөнгө байрыг зарахад өмнөх үнээс нь буулгаж болохгүй гэдэг байсан хуулийн заалтийг Үндсэн хуулийн цэцэд хандаад хүчингүй болгуулж байсан. Үүний үр дүнд өөрийн байр үл хөдлөх хөрөнгийг хүссэн үнээрээ зарж борлуулах боломжтой болсон. Тэгэхээр энэ намраас би дахиад энэ гомдлоо үргэлжлүүлээд өгнө. Хүлээж авах эсэхийг мэдэхгүй байна. Хамгийн гол нь эрхэм гишүүд та бүхэн сонгуулиар сайхан юм амлаж гарчихаад өөрсдөдөө давуу байдал бий болгосон энэ хуулиа өөрчлөөч ээ гэж л хүсэж байгаа.
Та орон сууцны захиалга, барилгын залилангийн асуудлаар төрийн хэмжээнд хөөцөлдөж одоо энэ асуудлын талаар ажлын хэсэг байгуулагдсан гэж бид бүгд ойлгож байгаа. Одоо энэ ажил яар шатандаа байгаа вэ?
-Энэ асуудлыг Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанд танилцуулаад шийдвэр гарсан байгаа. Тэгэхээр энд бол Монголын хууль хүчний байгууллагын дарга нарыг оруулсан нэлээн өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан байгаа. Гол зорилго нь орон сууцны залилан гэдэг бол замаа алдлаа. Иргэд одоо цагдаад гомдол гаргахаар цагдаа нь шалгадаггүй. Прокурор нь хэрэг үүсгэдэггүй. Шүүх рүү очихоор шүүх нь хэрэг маргаан шийдэхгүй.
Жишээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71-ийн 1 дээр шүүх анхан шатны журмаар 60 хоногт шийднээ гэдэг хуультай.
Тэгээд юун 60 хоног. Хоёр, гурван жил болж байгаа хэрэг байна. Тэгэхээр ерөөсөө энэ Монголын төр иргэдийгээ хулгайч, дээрэмчин, луйварчдаас хамгаална гэдэг энэ үүргээ биелүүлэхгүй байгаа учраас тусгай ажлын хэсэг байгуулагдаад энэ хүмүүсийн асуудлыг шийдэе гэж байгаа юм.
Нэгдүгээрт нь улайм цайм луйвар залилан хийсэн нэг байрыг 2-3 хүнд зарсан хүмүүст хуулийн хариуцлага тооцооч ээ бариач ээ, хориоч ээ. Бас нэг эрхбиш энэ улс чинь хууль дүрэмтэй гэдгийг тэр хүмүүст мэдрүүлэх ёстой.
Хоёр дахь асуудал нь болохоор яалтчгүй барилга нь талдаа ороод зогсчихсон компаниуд байгаа. Санхүү мөнгөний хүндрэлд орсон, дарга цэрэг нь солигдсон, барилгын материалын үнэ нь өссөн ч гэдэг юмуу.
Энийг бол дуудлага худалдаанд оруулаад хүмүүсийн мөнгийг гаргаж өг. Эсвэл тухайн байрийг өөр компанид шилжүүлээд бүтэн болгож барих хэрэгтэй. Гэхдээ зарим хүмүүс бид нар байрандаа ормоор байнаа л гэж байгаа.
Гуравдахь асуудал нь юу гэхээр энэ залилан луйвар гараад байгаа гол шалтгаан нь бүртгэл мэдээлэл хангалтгүй байгаатай холбоотой.
Одоо би нэг байр захиаллаа гэхэд тэр нь улсын бүртгэл дээр шууд бүртгэгдэхгүй. Бүртгэгдэхгүй учраас миний байрыг тэр компанийн захирал өөр хүнд зараад байна. Банканд очиж барьцаалаад байна. Эсвэл би очиж хүнээс байр авахаар аль хэдийн өөр хүнд зарсан байр байх авчих жишээтэй. Тэгэхээр ийм залилан гаргахгүй байх үндэс нь бүртгэл тодорхой байх ёстой. Тэгэхээр ажлын хэсгийн хувьд гэвэл яг ийм гурван чиглэл дээр ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд хоёр удаа хурал хийсэн. Эхний хурал нь нээлттэй, хоёр дахь хурал нь хаалттай болсон.
Нээлттэй явж байгаагийн гол зорилго нь иргэд миний асуудлыг яаж шийдэж байгаа юм бэ гэдгийг мэддэг байх ётой гэдэг үүднээс хийсэн. Цаашдаа бол аль болох хүмүүсийг оролцуулаад явья гэдэг байр суурьтай байгаа.
Ярилцсан Ж.Батдорж
