m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
7 цагийн дараа
104
Гадаадын "соёлын шинжээчид"-эд хязгаар тогтоох цаг болсон!

Монгол улс 1990 онд нээлттэй, ардчилсан нийгэмд шилжсэнээр манай оронд дэлхийн өнцөг булан бүрээс гадаадын зочид ирж ажиллаж, амьдрах болсон. Мэдээж бид тэднийг найрсаг зочломтгой зангаар угтан авч мөн өөрсдийн соёл зан заншилд хүндэтгэлтэй хандана гэдэгт найдсаар ирсэн. Гэвч сүүлийн үед бидний энэ зочломтгой занг далимдуулан, манай улсад суурьшсан гадаадын зарим иргэд өөрсдийгөө "Монголын түүхийн шүүгч", "соёлын зааварлагч" мэтээр андуурах болж цахим сүлжээ болон youtube-ээр Монголын зан заншил, шашин шүтлэг, түүхийг дур мэдэн шүүмжилсэн, эсвэл хандалт авахын тулд доог тохуу болгох нь хэрээс хэтрэв. Тэгвэл энэхүү бүдүүлэг явдалд  бидний зүгээс тодорхой хязгаарлалт, "соёлын цензур" тогтоох цаг хэдийнэ болжээ.

Үүний нэг тодорхой жишээ бол хэд хоногийн өмнө философич С.Молор-Эрдэнэ болон Монголд амьдардаг Япон улсын иргэн И.Томоко нарын эргэн тойронд үүссэн дуулиан болов.

Тэдний хийсэн ярилцлагын үеэр тэд Монголын түүх, тусгаар тогтнол, Чингис хааныг үгүйсгэсэн утгатай зүйл ярьснаас үүдэж, энэ нь ихээхэн маргаан дагууллаа.

Энэхүү дуулиан үүсэх болсон гол шалтгаан нь философич С.Молор-Эрдэнэ олон нийтийн сүлжээ болон И.Томокотой хийсэн ярилцлагынхаа үеэр "Монгол гэдэг ард түмэн байхгүй, энэ бол зүгээр нэг хоч. Чингис хаан ч гэж байхгүй, монголчуудад хамаагүй" гэх мэтээр Монгол улсын язгуур түүх, соёлыг илтэд үгүйсгэсэн байр суурь илэрхийлсэн бөгөөд уг ярилцлагыг хөтөлсөн Япон улсын иргэн, түүхч И.Томоко нь мэргэжлийн хүний хувьд С.Молор-Эрдэнийн энэхүү түүхийг гуйвуулсан яриаг тухайн үед нь эсэргүүцэж үгүйсгэлгүй, инээж хүлээн авсан нь олон нийтийн дургүйцлийг туйлын ихээр хүргэсэн юм.

Уг дуулиан цахим орчинд хүчтэй өрнөсний дараа И.Томоко олон нийтийн сүлжээгээр дамжуулан монголчуудаас уучлалт хүссэн видео тайлбар хийсэн ч өнөөг хүртэл энэ дуулиан огтхон ч намжихгүй байна.

Өнөөдөр манай улсад суурьшсан гадаадын иргэд Монголын түүхийн хамгийн эмзэг сэдвүүдийг өөрсдийн явцуу өнцгөөр ойлгон хүлээн авч мөн Монголын соёлын талын талаар өөрсдийн өнцгөөр тайлбарлаж байна.

Тэд манай орны зан заншил, нүүдэлчин ахуйг зөвхөн өөрсдийн ойлголтоор тайлбарлаж энэ нь эргээд түүхийн талаар огт мэдлэггүй  манай залуу үеийнхний тархийг угааж тэдгээр залуус Монгол орны түүхийг тэр чигээр нь төсөөлж байна. 

Мэдээж гадаадын хүний иймэрхүү бүтээл нь ихээхэн хортой үр дагавартай бөгөөд хатуухан хэлэхэд энэ нь манай улсын соёлын эсрэг чиглэж буй чимээгүй хорлон сүйтгэх ажиллагаа гэж ойлгогдож байна.

Мэдээжийн хэрэг үг хэлэх эрх чөлөө гэдэг бол өрөөлийн соёлыг өөрсдийн дураараа гуйвуулах зөвшөөрөл биш. Хэдийгээр Монгол оронд амьдарч байгаа гадаадын иргэдийг бид хүндэтгэн хүлээж авдаг ч тэдгээр иргэд оршин суугаа улс орныхоо гэрийн эзний суудлыг булааж болохгүй.

Тийм ч учраас Монгол Улсын түүх, соёлтой холбоотой контент бүтээж буй гадаадын иргэдэд хатуу цензур тавьж, хууль эрх зүйн хариуцлага хүлээлгэдэг болох хэрэгтэй байна. Тэгж байж бид бүгд өөрийн орны түүх соёл, үндэсний дархлаа болон тусгаар тогтнолоо хамгаалж чадна.

Ж.Батдорж