

Өнөөдөр Монголд гар утас, интернэттэй хүн бүхэн өөрийгөө "шударга үнэний дуу хоолой" гэж нэрлэн эсвэл хувийн бизнесээ сурталчилж лайв хийдэг соёл бий болоод удаж байна.
Үүнээс үүдэн ямар ч хүн хаана ч, хэний ч зөвшөөрөлгүйгээр бусдын нүүрэнд камер тулгаж, "лайв" хийн бусдын хувийн орон зайг зөрчих, эсвэл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд бусдыг гүтгэн доромжлох явдал хэрээс хэтэрлээ.
Үүний тод жишээг дурьдвал иргэдийн дуу хоолойг илэрхийлэгч гэгдэх иргэн Г.Мөнх-Эрдэнэ болон УИХ-ын гишүүн М.Нарантуяа Нара, мөн бурхны хүү Баярбаатар, Екатрина зэрэг хүмүүсийг нэрлэж болно.
Иргэн Г.Мөнх-Эрдэнийн хувьд авлига, төрийн хүнд суртлыг шууд дамжуулалтаараа илчилж, нийгмийн хяналт тогтооход эерэг нөлөө үзүүлдэг ч энэ нь хуулийн тодорхой зааг хязгаарыг давж бусдын хувийн орон зайд халддагаараа олон нийтийн дунд маргаан шүүмжлэл дагуулдаг.
Харин УИХ-ын гишүүнээр сонгогдсон М.Нарантуяа Нара өөрийн цахим хуудсаар шууд дамжуулалт хийж, элдэв бараа, бүтээгдэхүүн сурталчилдаг нь УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчиж буй үйлдэл болдог.
Тэгвэл цахим орчин дэх энэхүү эрх чөлөөг хууль эрх зүйн үүднээс цэгцлэх шаардлага бий болоод удаж байна.
Хэдийгээр цахим орчинд лайв хийх явдал нь нэг талдаа технологийн дэвшил боловч нөгөө талдаа сошиал сувгуудаар хэн дуртай нь дуртай зүйлээ ярьж, бусдыг гүтгэн доромжлох явдал нь зөв зүйтэй зүйл яав ч биш.
Өнөөдөр жирийн иргэдийн хувьд хэн дуртай нь сошиал лайваар дамжуулан цахим мөрийтэй тоглоом, баталгаагүй гоо сайхны бүтээгдэхүүн, сүлжээний бизнес болон элдэв төрлийн залиланг маш идэвхтэй сурталчлах болсноос маш олон хүн санхүү болон эрүүл мэндээрээ хохирч байгааг хэн хүнгүй мэднэ. Гэтэл өнөөдөр үүнд хууль эрх зүйн ямар ч зохицуулалт алга.
Нөгөөтэйгүүр шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэн нэгнийг шууд гэмт хэрэгтэн мэтээр зарлах, бусдын хувийн нууцад халдах, доромжлох үзэгдэл хэрээс хэтэрч лайвын "хандалт" цуглуулахын тулд хүний нэр төрөөр тоглогчид олширсоор байна.
Мөн энэ бүх хэрүүл маргаан, ёс бус үг хэллэгтэй лайвууд нь хүүхэд залуусын хүмүүжилд сөргөөр нөлөөлж, цахим орчныг бүхэлд нь хортой уур амьсгалтай болгосоор байна.
Тиймээс энэхүү замбараагүй байдлыг эцэслэхийн тулд зөвхөн төр засаг гэлтгүй, иргэд, технологийн платформууд хамтарсан зохицуулалт хийх шаардлагатай байна.
Үүнд нэгдүгээрт цахим орчинд лайв хийж буй явдалд хууль эрх зүйн хатуу зохицуулалт бий болгох хэрэгтэй бөгөөд олон нийтийн сүлжээнд шууд дамжуулалт хийж, түүгээр ашиг орлого олж буй сувгуудад албан ёсны бүртгэл, хариуцлагын тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй байна.
Мөн Фэйсбүүк, ТикТок зэрэг платформуудтай хамтын ажиллагаагаа сайжруулж, Монгол хэл дээрх ёс зүйгүй контентуудыг шууд хаадаг, хязгаарладаг механизмыг улам боловсронгуй болгох шаардлагатай.
Мэдээж ямар ч хүнд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх Үндсэн хуулиар олгогдсон боловч энэ явдал хэрээс хэтэрвэл юу болдгийг хүн болгон мэднэ.
Тийм учраас "Хэн дуртай нь лайв хийдэг" энэ эмх замбараагүй байдлыг эцэс болгож энэ асуудлыг хууль эрх зүй, цахим соёлын хүрээнд эмхлэн цэгцэлж, цахим орчноо эрүүл, аюулгүй болгох цаг нэгэнт болоод байна.
Ж.Батдорж
