Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Орон нутаг
6 цагийн дараа
126
Нэгдүгээр ангийн шинэчилсэн хөтөлбөрийн онцлох 5 өөрчлөлт

2026-2027 оны хичээлийн шинэ жил орон даяар баяр хөөртэй эхэллээ. Энэ жилийн хичээлийн жилийн хамгийн том онцлох үйл явдал бол сургуулийн босго анх удаа алхаж буй зургаан настнуудын сургалтын хөтөлбөрийг сууриар нь шинэчилсэн явдал юм. Боловсролын яамнаас мэдээлснээр бяцхан сурагчдын нас, сэтгэхүйн онцлог, чадамжид суурилсан шинэ хөтөлбөр, шинэ сурах бичгийг энэ жилээс нэгдүгээр ангид мөрдөж эхэллээ.

Тэгвэл шинэ хөтөлбөр уламжлалт арга барилаас юугаараа ялгаатай вэ? Эцэг эх, багш нарын заавал мэдэх ёстой таван гол өөрчлөлтийг тоймлон хүргэж байна.

1.Эхний нэг сард "Би сурагч боллоо": Дасан зохицох хөтөлбөр

Нэгдүгээр ангид орсон хүүхдүүд есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл шууд үсэг, тоо үзэж, хүнд хичээлүүдээр бөмбөгдүүлэхгүй. Эхний нэг сарын хугацаанд хүүхдүүд сургуулийн орчин, багш, анги хамт олонтойгоо танилцах, сургуулийн дүрэм журамд дасах танин мэдэхүйн үйл ажиллагаанд хамрагдана. Үүнд зориулж орон даяар сурагч бүрд “Би сурагч боллоо” хэмээх тусгай дэвтрийг хүргүүлээд байна.

2.Хичээлийн тоог цөөрүүллээ

Сурагчдын үзэх хичээлийн тоо их, цүнх хүнд байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд хичээлийн тоог цөөрүүлсэн. Нэгдүгээр ангид нийт найман хичээл орохоор баталсан бөгөөд нэгдүгээр улиралд үүнээс ердөө зургаан хичээлийг нь сонгон үзэх юм.

3.Сэтгэл зүрхний боловсрол

Энэ хичээлийн жилийн гуравдугаар улирлаас эхлэн нэгдүгээр ангийн сурагчдад сэтгэл зүрхний боловсрол олгох хичээлийг шинээр оруулахаар төлөвлөжээ. Хүүхэд өөрийн сэтгэл хөдлөлийг удирдах, бусдыг ойлгох, нийгэмших суурь чадварыг энэ агуулгаар олгоно.

4. Гэрийн даалгавар 10 минутаас хэтрэхгүй

Бяцхан сурагчдыг гэрийн даалгавраар шахаж, сурах сонирхлыг нь бууруулахгүй байх зарчмыг баримтална. Нэг хичээлийн даалгаврыг хийх хугацаа 10 минутаас хэтрэхгүй байхаар тооцоолж өгөх бөгөөд багш нар цахим сүлжээ, фэйсбүүк, чат ашиглан даалгавар өгөхийг хориглосон байна.

5. Оюуны болон биеийн тамирыг хослуулна

Шинэ хөтөлбөр нь хүүхдийг зөвхөн цээжлүүлж сургахаас татгалзаж, "Оюуны тамир, сэтгэлийн тамир, биеийн тамир"-ыг жигд хөгжүүлэхэд чиглэсэн. Үүний тулд багшлах боловсон хүчнийг зуны хугацаанд арга зүйн сургалтад бүрэн хамруулж, бэлтгэлийг хангажээ.