

Сургууль бүрийн үүднээс сурагчийн уянга эгшиглэсээр хичээлийн шинэ жил эхэллээ. Зургаан настнууд багшийгаа "Эгчээ" гэж дуудсаар сургуулийн босго алхаж, багш нар өнгийн цэцэгсээс илүү шавь нараа хараад сэтгэл нь хөдөлнө. Тэдгээр багш нарын нэг, нийслэлийн "Сэтгэмж" сургуулийн бага ангийн багш С.Лхагвацэндтэй ярилцлаа.
Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. Таны хэд дэх есөн сарын нэгэн бэ?
-Баярлалаа. Би 27 дахь жилдээ шавь нараа угтаж авч байна. Багш нар бид чинь есөн сарын нэгнээс өмнө хэдэн өдөр унтахгүй шүү дээ. Энэ жил хагас, бүтэнсайн ч таарлаа. Амралгүйгээр ангиа угааж цэвэрлээд, хэвлэж, наах гээд бүх л юмыг хийлээ.
Нэгдүгээр ангид орж байгаа шинэ шавь нараа хүлээж авах ямар байдаг вэ?
-Их гоё шүү дээ. Бүгдийг нь танихгүй мөртлөө яг л өөрийн хүүхэд шиг санагддаг. Багш нар ангиа даагаад авмагц яг л өөрийн хүүхэд шиг үздэг. Тэр минь тэгчих вий, энэ минь ингэчих вий гээд санаа зовоод л.
Хүүхдүүд хичээлдээ ирэхдээ уйлах тохиолдол олон байдаг уу?
-Зөндөө олон тохиолдоно. Зарим нь яваандаа гайгүй болно. Бүр бүтэн жил уйлдаг хүүхэд ч байдаг. Янз бүрийн ааш зантай хүүхдүүд байдаг. Тэгээд л учрыг нь олно доо.
Энэ хичээлийн жил ямар онцлогтой байгаа вэ?
-Энэ жилийн нэгдүгээр ангийн онцлог нь шинэчилсэн хөтөлбөр хэрэгжиж эхэлж байгаа. Багш нар шинэчилсэн хөтөлбөрийнхөө сургалтад дөрөв хоног суусан. Өнөөдөр сурагчдын гар дээр цоо шинэ "Би сурагч боллоо" гэдэг ном ирж байна. Агуулгын хувьд нэг их өөрчлөлт байхгүй ч гэсэн багш нарын арга зүйд нэлээн том өөрчлөлт болохоор шинэ хөтөлбөр хэрэгжинэ. Тийм болохоор их догдлолтой, баяртай байгаа.
Хүүхдүүдтэй ажиллахад хөгжилтэй зүйлс их тохиолддог байх.
-Өмнөх нэгдүгээр анги яг ковидын үе байсан юм. Нэг долоо хоног цахимаар, нэг долоо хоног танхимаар хичээллэдэг байсан юм. Хүүхдүүдээ хоёр хувааж ордог байсан учраас бие биеэ танихгүй үе байсан. "Чамайг манай ангид шилжиж ирэхээс өмнө багш ингэж байсан юм" гээд нэг ангийн хүүхдүүд гэдгээ мэдэхгүй хооронд ярьж байгаа нь их инээдтэй байсан. Цэцэрлэгийн нэг анги байсан хүүхдүүд сургуульд нэг ангид орох тохиолдол элбэг. Тэгэхээр ах дүү шиг дотно болчихсон байдаг нь хөөрхөн.
Хүүхдээ сургуульд оруулж байгаа аав, ээж нар юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Ерөөсөө л эцэг эх, сургууль, багш гурвын хамтын ажиллагаа шүү дээ. Хүүхдийн сургууль дээр өнгөрөөх хэдхэн цагт найдаад байж болохгүй. Хүүхэд гэдэг чинь яг л аав ээж, эмээ өвөөгөө даган дуурайдаг. Тийм учраас анхнаас нь суурийг зөв тавих хэрэгтэй. Би хувьдаа хүүхдэд аливаа зүйлийг шууд хэлж өгөхөөс зайлсхийдэг. Тэгээд байхаар хүүхдийн бие даах чадвар сул болдог.
Таны мэргэжлийн хамгийн сайхан зүйл юу вэ?
-Хүүхдийг уншиж, бичиж сургана гэдэг хамгийн сайхан зүйл шүү дээ.Хүүхдүүд эрдэм ном сургах эхлэлийг нь тавьж, "А" үсэг заасан багш гээд их хүндэлдэг.
Баярлалаа, танд амжилт хүсье.
Бичлэг үзэх:
