

"Эр хүн шиг бай", "Эр хүн уйлдаггүй юм", "Зүгээр ээ, гайгүй биз" гэж бид хөвгүүдээ, эрчүүдээ ийм л үгээр хүмүүжүүлж, ийм л хэвшмэл ойлголтоор нийгэмд хүлж ирсэн. Гэвч энэ "хэнэггүй", "хатуужилтай" багны цаана монгол эрчүүд маань цэл залуугаараа, амьдралынхаа хамгийн оргил үед хорвоог орхиж буй аймшигт дүр зураг нуугдаж байна.
Үндэсний статистикийн хорооны хамгийн сүүлийн үеийн мэдээллээр монгол эрэгтэй хүний дундаж наслалт 67.9 жил байна. Энэ нь эмэгтэйчүүдийнхээс даруй ес гаруй жилээр богино үзүүлэлт юм. Дэлхийн дунджаас хоёр дахин их байгаа энэхүү зөрүү зүгээр нэг тоо биш, гэр бүлээ өнчрүүлэн одсон олон мянган аавууд, хүүхдүүд, ханиудын амьдралын бодит дүр зураг болж байна.
Өнөөдөр манай улсад нас барж буй 10 хүн тутмын 6 нь эрэгтэйчүүд байдаг. Хамгийн харамсалтай нь, хорвоог орхиж буй тэдгээр эрчүүдийн 52.2 хувь нь ид хийж бүтээх хөдөлмөрийн насныхан буюу 35–64 насныхан байна. Өөрөөр хэлбэл, Монголын эрчүүд өтөлж өвгөрөх насандаа биш, цэл залуугаараа, гэр бүл, нийгэмдээ хамгийн хэрэгцээтэй үедээ "бурхны орон”-д одож байна.
Өнөөдөр эрчүүдийн цаг бусын нас баралтад дараах гурван гол хүчин зүйл нөлөөлж байна. Үүнд нэгдүгээрт архи, тамхины хэтэрсэн хэрэглээ. Манай улс согтууруулах ундааны шалтгаант цаг бусын нас баралтаар дэлхийд тэргүүлж буй харанга дэлдсэн үзүүлэлттэй.
Хоёрдугаарт хэнэггүй зан ба эмнэлгийн айдас орж байгаа бөгөөд амбулаториор үйлчлүүлж буй иргэдийн ердөө 30 хувь нь эрчүүд байдаг. Тэдний 80 орчим хувь нь өвчнөө туйлд нь хүртэл хүндрүүлж, эмчилгээ авах аргагүй болсон үедээ л эмнэлгийн хаалга татаж эмчид ханддаг.
Гуравдугаарт гадны нөлөөт осол, гэмтэл орж буй бөгөөд өнөөдөр манай улсын залуу эрчүүдийн дунд (15-44 нас) зам тээврийн осол, үйлдвэрлэлийн осол гэмтэл, спиртийн хордлого, амиа хорлолт нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог.
Монголчууд эр хүнийг гэр бүлийн ноён нуруу гэдэг. Гэвч өнөөдөр тэр ноён нуруу улам бүр бөхийж байна. Ид хөдөлмөрийн насны эр хүн цаг бусаар одоход цаана нь өрх толгойлсон эх эсвэл бүтэн өнчин хүүхдүүд, эдийн засгийн туйлдал, сэтгэл зүйн насан туршийн шарх үлддэг. Өнөөдөр Монголд 15 мянга орчим өрх толгойлсон эцэг байгаа нь ч эрчүүдийн амьдралын чанар, хариуцлагын өөр нэг талыг илтгэнэ.
Тэр утгаараа өнөөдөр нийгмээрээ эрчүүдийг "бүхнийг тэсвэрлэх ёстой робот" мэт харахаа болих цаг болсон. Тэдэнд ч бас өвдөх эрх, эмнэлэгт үзүүлэх шаардлага, сэтгэлээ нээж уужрах орон зай хэрэгтэй.
Тиймээс энэхүү чимээгүй тахлыг зогсоохын тулд эрчүүдийг жил бүр урьдчилан сэргийлэх багц үзлэгт заавал ордог болох соёлд хэвшүүлж, ажлын байрны аюулгүй байдал, эрүүл мэндийн тусгайлсан хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх мөн архи, тамхи зэрэг хорт зуршлын хэрэглээнд тавих хяналтыг чангатгах зэрэг ажлыг төр засгийн зүгээс шат дараатай хийх хэрэгтэй байна.
Тэгж байж гэр бүлийн ноён нуруу болсон Монгол эрчүүд эрүүл саруул байж, Монгол айл гэр бүрт аз жаргал гэрэл гэгээ гэрэлтэх болно.
Ж.Батдорж
