m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
2026.09.01 16:59
265
Монгол улс энэ олон хэнд ч хэрэггүй хурал форумаа болих хэрэгтэй байна

Монголчууд бид хуралдах дуртай ард түмэн. Намар, хавар, зунгүй л хаа нэгтээ сүржин нэртэй форум, олон улсын хурал зөвлөгөөн, уулзалт дугуй ширээний ярилцлага хөвөрнө.

Зочид буудлын танхимууд захиалгаар дүүрч, үнэтэй кофе брейк, элдэв чамин зууш хөврөх боловч амьдрал дээр гарч буй үр дүн нь огт мэдэгддэгүй. Тэгвэл одоо энэ олон хэнд ч хэрэггүй хурал, форумаа болих цаг болжээ.

Нэг уулзалт зохион байгуулахад л байрны түрээс, зочдын байрлах буудал, хоол унд, хэвлэл мэдээллийн сурталчилгаа, бэлэг дурсгал гээд хэдэн зуун сая, заримдаа тэрбумаар хэмжигдэх төсөв зарцуулдаг.

Харамсалтай нь, эдгээр олон хурлын индэр дээрээс яригддаг гоё сайхан амлалт, уриа лоозонгууд тухайн танхимдаа үлдэж, маргааш нь цаас болон хогийн сав руу шидэгддэг нь нууц биш.

Нөгөөтэйгүүр манай улсын бодлого тодорхойлогчид татвар төлөгчдийн энэ их мөнгийг бодит бүтээн байгуулалт, эмнэлэг, сургууль боловсролд бус, хэсэг бүлэг хүмүүсийн "танилцах уулзалт"-д зарцуулж байна.

Мөн эдгээр олон хурал зөвлөгөөнөөр маш олон асуудлыг хэлэлцдэг ч эцсийн дүндээ яг хэн, хэзээ, ямар хариуцлага хүлээж, юуг өөрчлөх нь тодорхойгүй хоцордог.

Үүний зэрэгцээ энэ их хурлын улмаас төрийн албан хаагчид, салбарын мэргэжилтнүүд ажлаа хийхийн оронд өдөржин аль нэг форумд сууж, алтан цагаа үрж байна.

Форум хийснээр эдийн засаг сайжирч, утаа арилж, түгжрэл шийдэгддэг байсан бол Монгол Улс аль хэдийн дэлхийн тэргүүлэгч гүрэн болох байлаа. Гэвч бодит байдал дээр иргэдийн амьдрал бахь байдаг хэвээрээ, зарим салбарт улам дордсоор байна.

Тэгвэл одооноос эхлэн энэ үр өгөөжөө өгдөггүй, зөвхөн зохион байгуулагчдын тайлангаа бөглөх, нэр хүнд олох хэрэгсэл болсон сүржин хурлуудыг цэгцлэх шаардлагатай байна.

Хэрвээ ингэж чадвал Монгол улс асар олон сая долларыг хий дэмий үргүй зарцуулдагаа больж маш их мөнгө хэмнэх болно.

Үүний оронд хурал зохион байгуулдаг энэ их зардлаа хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, залуусын стартап бизнес, эсвэл дэд бүтцийн жижиг ч гэсэн асуудлыг шийдэхэд шууд зарцуулдаг болох хэрэгтэй.

Бодит ажил уулзалтын танхимд бус, үйлдвэрийн шалан дээр, тариалангийн талбайд, судалгааны лабораторид өрнөдөг. Тэр үүднээсээ төрийн тэргүүнээсээ эхлээд ямар ч үр дүнгүй энэ олон хурлуудыг цөөлж, үйл хэрэгт анхаарлаа хандуулах болсон.

Хэрвээ тэгэхгүй бол бид өнөөх Оросын алдарт яруу найрагч Владимир Маяковскийн 1922 онд бичсэн "Хэт хуралдагсад"гэдэг шүлгийн баатрууд болоход тун ойртоод байна. 

Ж.Батдорж