

АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Орон нутгийн ачилтыг нэмэгдүүлж, доголдлыг арилгахаар ажиллаж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотын 134 шатахуун түгээх станцад 1792 тонн 92 төрлийн бүтээгдэхүүн, орон нутгийн 125 шатахуун түгээх станц руу 1597 тонн автобинзенийн ачилтыг хийсэн байна.
Бид бүхэн орон нутаг руу дунджаар 800-900 тонн бүтээгдэхүүн гаргаж байсан бол өчигдрийн байдлаар 1500 болгож нэмэгдүүлсэн. Энэ долоо хоногтоо багтааж улсын хэмжээнд доголдлыг арилгахаар хичээж ажиллаж байна.
Улсын хэмжээнд 30-40 суманд тодорхой хэмжээний бүтээгдэхүүн тасалдсан гэсэн мэдээлэл ирсэн учраас эхний ээлжид эдгээр сумдад бүтээгдэхүүн хүргэнэ.
Хэдийгээр өсөн нэмэгдэх хэрэглээ байгаа ч бидний татан авч байгаа бүтээгдэхүүн хангалттай нөхнө гэж үзэж байна. Тиймээс дахин тасалдал, доголдол үүсэхгүй байх боломж бүрдэж байна" гэв.
