

Орон даяар хичээлийн шинэ жил ёслол төгөлдөр эхэлж байна. Гэвч сурагчдын сургуульдаа явах зам аюулгүй байж чадаж байна уу? Баянгол дүүргийн 23-р хорооны хүүхдүүд автобусны буудал руугаа хоёр талаар нь шарилж ургаж, үерийн усанд эвдэрсэн 250м орчим налуу замаар уруудаж очдог. Хичээлээ тараад мөн л энэ эгц өгсүүр замаар гэр лүүгээ явдаг.
Шинэ гутал өмссөн ч эвдэрч муудсан, эндэж бэртэх магадлалтай хуучин замаараа алхсаар байна.
Оршин суугч 1: Автобусны буудал руугаа явах ганц дөт зам нь энэ. Хүүхдүүд өдөртөө байнга л дээш, доошоо явж харагддаг. Уруудахдаа гулгаж уначих гээд байдаг юм. Бага ангийн хүүхдүүд явахад бол бүр ч хүндрэлтэй.
Оршин суугч 2: Өвөл цас ороод хальтиргаа, гулгаатай үед энэ замаар явахад их хэцүү байдаг. Энэ зун борооны усанд зам нь эвдрээд ховил гарчихсан. Хүүхэд байтугай машин явахад ч хүндрэлтэй. Цүнхэндээ их номтой хүүхдүүд хичээлээ тараад дээшээ эгц замаар өгсөхөд бас л хүнд шүү дээ.


