m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
5 цагийн дараа
147
Монгол Улс төмөр замаа Оросоос салгаж авах цаг нь болсон

Монгол Улс тусгаар тогтносон, бүрэн эрхт улс гэж Үндсэн хуулиндаа тунхагласан атлаа улс орны эдийн засгийн гол судас болсон төмөр замынхаа 50 хувийг харийн улсад атгуулсаар 77 жилийг үдэж байна.

Энэ бол 1949 оны Сталины үеийн гэрээний үлдэгдэл болох «Улаанбаатар төмөр зам» ХНН (Хувь нийлүүлсэн нийгэмлэг) юм. 

Тэгвэл XXI зуунд, дэлхий дахин геополитикийн шинэ эргүүлэгт орсон энэ цаг үед Монгол Улс төмөр замаа Оросын хараат байдлаас салгаж, 100 хувь өөрийн мэдэлдээ авах цаг нэгэнт болсон.

Өнөөдөр Монгол, Оросын хамтарсан "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) 50:50-ийн харьцаатай шийдвэр гаргадаг ч Оросын тал зөвшөөрөхгүй бол манай улс дотоодын ачаа тээвэр, тарифын бодлогоо бие даан шийдэж чаддаггүй.

Мөн УБТЗ олон жилийн турш дотоодын ачаа тээвэр, ялангуяа нүүрс, эрчим хүчний тээвэрлэлтийг алдагдалтай тарифаар хийж ирсэн. Үүний улмаас компани өөрөө өөрийгөө санхүүжүүлж, орчин үеийн шинэчлэл хийх боломж хязгаарлагдмал байдаг.

Оросын тал өөрийн транзит тээврийн ашиг сонирхлыг илүүд үздэг бөгөөд Монголын экспортын гол бүтээгдэхүүн болох уул уурхайн түүхий эдийг чөлөөтэй, уян хатан тарифаар тээвэрлэхэд хамтын удирдлагын бүтэц нь гацаа үүсгэдэг. Эдийн засгийн гол хөдөлгүүрээ бусдын зөвшөөрлөөр хөдөлгөдөг ийм улс орон дэлхийд өөр байхгүй.

Мөн УБТЗ-ын дотоод дүрмээр аливаа чухал шийдвэрийг 100 хувийн саналаар зөвшилцөж гаргадаг ч Оросын тал "вето" буюу хориг тавих туйлын эрхтэй байдаг.

Монгол Улс төмөр замаа шинэчлэх, цахилгаанжуулах, орчин үеийн менежмент нэвтрүүлэх гэхээр ОХУ-ын "РЖД" (Оросын төмөр зам) нийгэмлэг өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн гацаадаг дүр зураг олон жил үргэлжиллээ. Үүний уршгаар манай төмөр замын салбар технологийн хувьд дэлхийн хөгжлөөс хол хоцорч байна.

Үүний зэрэгцээ өнөөдөр олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан ОХУ-ын эсрэг барууны орнуудын эдийн засгийн хориг арга хэмжээ улам чангарч байна. Тэр утгаараа УБТЗ-ын талыг ОХУ эзэмшиж байгаа нь Монгол Улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтад шууд болон шууд бусаар сөрөг нөлөө үзүүлж байна.

Мөн олон улсын санхүүгийн байгууллагууд УБТЗ-д зээл, тусламж олгохоос татгалзаж, манай улс геополитикийн "барьцаанд" орох эрсдэл бодитой нүүрлэлээ.

Мэдээж Монгол Улс ОХУ-тай ямар ч нөхцөлд харьцаагаа муутгах шаардлаггүй. Гагцхүү 1949 оны гэрээг шинэчилж, Оросын талын 50 хувийн хувьцааг зах зээлийн зарчмаар худалдаж авах эсвэл Монголын талын өрийг тэглэх замаар өөрийн мэдэлд шилжүүлэн авах хэлэлцээрийг зоригтой эхлүүлэх хэрэгтэй.

Өмнө нь манай үндэсний компаниуд Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян чиглэлийн төмөр замуудыг өөрсдөө барьж байгуулж чаддагаа харуулсан. Тэр утгаараа манай улс төмөр замаа 100 хувь өөрсөө бие даан авч явж чадна.  Мөн бидэнд төмөр замаа хөгжүүлээд аваад явах хангалттай нөөц хүч, боловсон хүчин бий.

Харин одоо төр засгийн зүгээс улс төрийн зориг гаргаж, "Улаанбаатар төмөр зам"-ыг Монголын ард түмний өмч болгон 100 хувь өөрийн болгож авах цаг нь болсон. Тэгж байж бид эдийн засгийн тусгаар тогтнолоо бүрэн утгаар нь хэрэгжүүлж улсаа улс шиг болгон хөгжүүлж чадна. 

Ж.Батдорж