

Монгол Улсын Их Хурал жилд хоёр удаа (хавар, намар) ээлжит чуулганаа хийдэг хуультай. Гэвч нийгэм, эдийн засагт тулгамдсан асуудал үүсэх, эсвэл хойшлуулшгүй шийдвэр гаргах шаардлагаар ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулдаг. Уул нь УИХ-ын намрын ээлжит чуулганыг есдүгээр сарын 15-нд нээхээр товлосон.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэхийг шийдвэрлэнэ.
Засгийн газар 2026 оны Улсын төсвийн тодотголын төслийг наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Улмаар төсвийн тодотголыг яаралтай хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн УИХ дахь АН-ын бүлгээс ээлжит бус чуулганыг нэн даруй зарлан хуралдуулахыг шаардаад буй.
Мөн Засгийн газраас 2027 оны Улсын төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Ингэснээр УИХ-ын хэлэлцэх асуудлын дараалалд энэ оны төсвийн тодотгол болон ирэх оны улсын төсөв зэрэгцэн орж ирж байна.
Улс төр, эдийн засгийн амьдралд "Төсвийн тодотгол өргөн барилаа", "Ээлжит бус чуулган зарлахаар боллоо" гэх мэдээллүүд байнга хөвөрдөг.
Жирийн нэгэн иргэний үүднээс харвал энэ нь зөвхөн дарга нарын хийдэг хурал мэт санагдаж болох юм. Тэгвэл парламентын энэхүү шуурхай алхам нь жирийн иргэдийн амьдралд шууд болон шууд бусаар маш том нөлөө үзүүлдэг.
Төсвийн тодотгол хийх гол шалтгаан нь энэ оны төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байгаа явдал гэдгийг эдийн засагчид болон холбогдох мэргэжилтнүүд онцолж байгаа.
Тиймээс Засгийн газраас төрийн урсгал зардлыг 1.4 их наяд төгрөгөөр танаж, хэмнэсэн хөрөнгийг иргэдийн орлого, цалин, тэтгэвэр болон үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөөд буй.
Энэ сарын байдлаар төсвийн орлого 2.4 их наяд төгрөгөөр тасарсан бол 7-р сарын эцсийн байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд, нийт зарлага 19.5 их наяд төгрөгт хүрч, алдагдал 2.2 их наяд төгрөг болсон байна.
Иймд Засгийн газраас танаж болох төрийн зардлыг танаж, үүнээс гарсан 1.4 их наяд төгрөгийг иргэдийн орлого, цалин, тэтгэвэр зэргээр үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээнд зарцуулна гэдгээ мэдэгдсэн.
Мөн худалдан авах ажиллагаа хугацаандаа хийгдээгүй 252.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зогсоож, төрийн болон орон нутгийн өмчит компаниудын төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийг 1.6 их наяд төгрөгт хүргэхээр тооцсон байна.
Харин 2027 оны төсвийн гол зорилгыг ерөнхий сайд Н.Учрал “Монголын баялаг-монголчууддаа” гэж тодорхойлж, иргэдийн мөнгө, хувьцаа, орлого болон ирээдүйд чиглэсэн 9 шийдвэрийг танилцуулсан.
Эдгээр шийдвэрүүд нь иргэдийн хувь, мөнгө, ирээдүй гэсэн үндсэн гурван багц агуулгад чиглэж, сайд нарын урсгал зардлаас 1.4 их наяд төгрөг танаж, төр бүсээ чангалах замаар хэрэгжих юм.
Өнөөдөр иргэдийн нуруун дээр ирж буй хамгийн том ачаа бол бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляци болж буй.
Тэгвэл УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулснаар сонгуулийн өмнөх үрэлгэн, үр ашиггүй зардлуудыг цаг алдалгүй танаж, төсвийн алдагдлыг бууруулах боломж бүрдэнэ.
Мөн төсвийн сахилга батыг яг одоо засахгүй бол ирэх өвөл инфляци улам хөөрөгдөж, иргэдийн худалдан авах чадвар муудах эрсдэлтэй.
Мөн ирэх оны төсвийн зарлага түүхэндээ хамгийн өндөр буюу 43.6 их наядад хүрэхээр төлөвлөгдсөн нь шүүмжлэл дагуулж буй.
Хэрэв энэ оны төсвийн тодотголыг ээлжит бус чуулганаар урьдчилж шийдэж чадвал 9 дүгээр сарын 15-нд нээгдэх намрын ээлжит чуулганаар парламентын гишүүд зөвхөн 2027 оны төсөв дээр төвлөрөх цаг хугацаатай болно.
Эс бөгөөд хоёр том төсвийг зэрэгцүүлж, хугацаанд шахагдан "халтуурдаж" батлах эрсдэлтэй. Төсвийг нягт хэлэлцэх тусам татвар төлөгчдийн мөнгө зөв зүйлд зарцуулагдана.
Мөн ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулвал төр засаг гаргасан алдаагаа шуурхай засаж, зах зээлд эерэг дохио өгнө. Энэ нь төгрөгийн ханш тогтвортой байх, гадаадын хөрөнгө оруулалт татах, ажлын байр хадгалагдахад чухал нөлөөтэй.
УИХ-ын нэг үндсэн үүрэг бол иргэдийн эрх ашгийг хамгаалж, Засгийн газарт хяналт тавих үндсэн үүрэгтэй. Тиймээс сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулахыг хүчтэй шаардаж буй.
Чуулганы индэр нээгдсэнээр Засгийн газрын алдаатай бодлогыг олон нийтийн өмнө нээлттэй шүүмжилж, ард түмний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх боломж олгодог. Энэ бол ардчилал амьд байгаагийн, таны сонгосон гишүүн ажлаа хийж байгаагийн баталгаа юм.
Товчхондоо, УИХ-ын ээлжит бус чуулган бол улс төрчдийн шоу биш, харин улс орны эдийн засгийн "гал хамгаалагч" юм.
Цаг алдалгүй хуралдаж, төсвийн алдагдлаа хумьж чадвал маргааш дэлгүүрийн лангуун дээрх талхны үнэ тогтвортой байх, иргэдийн цалин орлого үнэгүйдэхгүй байх бодит ашиг тусыг та бидэнд авчирна. Тэр утгаараа ээлжит бус чуулганыг зарлах нь ард иргэд бид бүхэн болоод нийт улс оронд ашигтай.
Ж.Батдорж
