m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
2 цагийн дараа
198
Монгол улсыг энэ олон хуульч, эдийн засагчид биш, инженерүүд л хөгжүүлнэ

Өнөөдөр Монголд хамгийн их эрэлттэй бөгөөд илүүдэлтэй мэргэжлийн жагсаалтыг хууль эрх зүй, бизнесийн удирдлага, эдийн засагч мэргэжил тэргүүлж байна. Дипломтой ажилгүйчүүдийн эгнээг тэлж буй энэ урсгал улс орны хөгжлийг гацааж буй гол хүчин зүйл болоод удаж байна. 

Манай улсад хууль боловсруулдаг, шүүмжилдэг, тайлбарладаг хүмүүс цөөдөөгүй харин ч бүр хэтэрчихээд байна. Тэгвэл бидэнд цаасан дээр байгаа хууль ярих хүн биш, баялаг бүтээх, үйлдвэрлэлийг хөдөлгөх, технологийн шийдэл гаргадаг инженерүүд ус агаар мэт хэрэгтэй байна.  

Хууль бол нийгмийн харилцааг зохицуулах хүрээ хязгаар болохоос биш, үндэсний баялгийг нэмэгдүүлдэг хөдөлгүүр хүч биш.

Аливаа улс орны хөгжлийг ДНБ-ий өсөлт, аж үйлдвэржилт, экспортын чадавхаар хэмждэг. Хамгийн энгийн жишээ хэлэхэд Сингапур, Өмнөд Солонгос, Герман зэрэг орнууд хуульчдынхаа тоогоор биш, дэлхийд өрсөлдөх инженерийн шийдэл, брэндүүдээрээ хөгжсөн түүхтэй.

Сингапур, Өмнөд Солонгос зэрэг орнууд хөгжлийнхөө эхэн үед инженер техникийн салбараа бүх талаар дэмжсэн учраас өнөөдөр дэлхийн аварга эдийн засаг болтлоо хөгжиж чадсан. Бид ч бас залуусаа хууль, санхүү рүү хошуурахаас илүүтэйгээр инженер, технологийн салбарыг сонгодог тэр орчныг бүрдүүлэх ёстой.

Барилга барих, замаа засах, эрчим хүчний хараат бус байдлаа шийдэх, уул уурхайгаа дагасан боловсруулах үйлдвэр барихад хуулийн заалт биш, инженерийн нарийн тооцоолол, зураг төсөл хэрэгтэй.

Инженерүүд асуудлыг оношилж, түүнийг бодитойгоор шийдэж чаддаг хүмүүс. Тэд хоосон маргаан үүсгэдэггүй, харин гүүр барьж, систем бүтээж, бүтээмжийг нэмэгдүүлдэг. Монгол улс импортын хараат байдлаас гарч, дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэвэл залуусаа инженерийн ухаанд сургаж, тэдний нийгмийн үнэлэмжийг өсгөх шаардлагатай.

Мэдээж Монгол улсад хууль журам огт хэрэггүй гэж хэлээгүй. Гэхдээ хөгжлийн түүчээ нь хуульчид биш, инженерүүд байх ёстой.

Хуульчид тоглоомын дүрмийг зохиодог бол эдийн засагчид санхүүгийн урсгалыг тооцоолдог. Гэхдээ тэд баялаг бүтээдэггүй. Хууль хэчнээн төгс байгаад утааг арилгахгүй, эдийн засгийн онол хэчнээн мундаг байгаад цахилгаан станц барьчихгүй.

Ирээдүйн Монголыг цаасан дээрх заалтууд биш, үйлдвэрийн цех, барилгын талбай, технологийн лабораторид ажиллаж буй инженерүүдийн ухаан, хөдөлмөр л босгоно.

Тэр үүднээсээ Монгол улс цаашдаа хөгжиж дэвшие гэвэл дээд боловсролын тогтолцоогоо инженер, технологийн салбар руу яаралтай чиглүүлж, залуусаа орчин үеийн үйлдвэрлэлд бэлтгэх шаардлагатай.

Ж.Батдорж