

Монголын Шатрын Холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатарын үндсэн илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
ИХ НҮҮДЭЛ / НЭЭЛТ
Эрхэм хүндэт Боловсролын сайд аа,
сургуулийн захирал, багш сурган хүмүүжүүлэгчид ээ,
хүүхэд багачууд аа,
хүндэт зочид оо,
Та бүхний энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
ҮНДЭСНИЙ ЗОРИЛГО / ИЛТГЭЛИЙН ЧИГЛЭЛ
Өнөөдрийн ярианы гол санаа энгийн. Хүүхэд бүрийг шатарчин болгох тухай биш. Хүүхэд бүрийг бодож, тунгааж, шийдвэртээ эзэн байх чадвартай болгох тухай. Үүний тулд бид үндэсний зорилго, шатрын боломж, багшийн үүрэг гэсэн гурван асуудлыг хөндөнө.
2045 ОНЫ МОНГОЛ ХҮН
Өнөөдөр нэгдүгээр ангид орж байгаа хүүхэд 2045 онд 25 настай байна. Тэр үед ямар мэргэжил хамгийн эрэлттэй байхыг бид өнөөдөр бүрэн мэдэхгүй. Ямар технологи түүний ажил, амьдралыг тодорхойлохыг ч мэдэхгүй. Өнөөдөр бидний мэдэхгүй мэргэжлүүд бий болж, өнөөдөр чухалд тооцогдож байгаа зарим ажил үндсээрээ өөрчлөгдсөн байхыг үгүйсгэхгүй.
Харин нэг зүйлийг бид мэднэ.
Тэр хүүхэд амьдралынхаа турш сонголт хийж, шийдвэр гаргана.
Тиймээс боловсролыг зөвхөн өнөөдрийн хэрэгцээнд тааруулж болохгүй.
Бид 2045 оны Монгол хүнийг өнөөдрөөс бэлтгэж байна.
ДЭЛХИЙ ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙНА
Дэлхийн эдийн засгийн форумын “Future of Jobs 2025” тайлангаар 2030 он гэхэд ажилтны үндсэн ур чадварын 39 хувь өөрчлөгдөх төлөвтэй. Мөн 92 сая одоогийн ажлын байр шахагдах боловч 170 сая шинэ ажлын байр бий болно гэж тооцжээ.
Энд гол асуулт “ажил үгүй болох уу?” гэхээс илүү “ажлын агуулга хэрхэн өөрчлөгдөх вэ?” гэдэгт байна. Давтагддаг, дүрэмд суурилсан ажлыг технологи улам их гүйцэтгэнэ. Харин хүний шүүн тунгаах, шинэ нөхцөлд суралцах, технологийг зөв ашиглах, бусадтай ажиллах чадвар улам үнэ цэнтэй болно.
Нэгдүгээрт, мэдээллийг шүүн тунгааж, асуудал шийдвэрлэх чадвар.
Хоёрдугаарт, өнөөдрийн мэдлэг хуучирсан үед дахин, хурдан суралцах чадвар — learnability.
Гуравдугаарт, хиймэл оюун, автоматжуулалт, дижитал хэрэгслийг ухаалгаар ашиглах технологийн ба дижитал бичиг үсэг.
Дөрөвдүгээрт, сэтгэл хөдлөлийн оюун ухаан буюу EQ, дасан зохицох, бусадтай хамтран ажиллах чадвар.
Ирээдүйн боловсролын зорилго ч үүнийг дагаж өөрчлөгдөж байна. Мэдлэг дамжуулахаас гадна сурах арга барилыг хөгжүүлэх; шинжлэх ухаан, технологийн мэдлэгийг ёс зүй, үнэт зүйл, бүтээлч болон хүний чадвартай хослуулах шаардлага улам нэмэгдэнэ.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) ч ирээдүйн боловсролыг зөвхөн мэдлэгээр бус, мэдлэг, ур чадвар, хандлага, үнэт зүйл, өөрийн сонголт үйлдэлдээ эзэн байх чадварын нийлбэр гэж харж байна.
Өнөөдөр хиймэл оюун хэдхэн хормын дотор мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийж, хэд хэдэн хувилбар санал болгож чадна. Маргааш үүнээс ч илүү чадвартай болно.
Гэхдээ аль хариултад итгэх вэ? Аль хувилбарыг сонгох вэ? Ямар эрсдэл дагуулах вэ? Шийдвэрийнхээ төлөө хэн хариуцлага хүлээх вэ?
Хиймэл оюун олон хувилбар санал болгож чадна. Харин аль замыг сонгох, ямар шийдвэр гаргах, түүний үр дагаврыг хүлээх нь хүний үүрэг хэвээр байна.
Эндээс өнөөдрийн бидний ярилцах гол асуудал эхэлж байгаа юм.
ХҮҮХДЭД ШАТАР ЗААХЫН ҮНЭ ЦЭН
Компьютер хүнээс илүү хүчтэй шатар тоглодог болоод олон жил өнгөрчээ. Өнөөдрийн хамгийн хүчирхэг шатрын хөдөлгүүрүүд дэлхийн шилдэг шатарчдаас ч хавьгүй өндөр түвшинд тоглож байна.
Тэгвэл машинаас илүү шатар тоглохын тулд бид хүүхдэд шатар заах гэж байна уу?
Мэдээж үгүй.
Шатрын боловсролын орчин үеийн үнэ цэнэ нь зөв нүүдлийг машинаас түрүүлж олоход биш. Тэр нүүдэлд хүрэх хүртлээ хүүхэд хэрхэн бодож байгаад оршино.
Шатрын хөлгийн өмнө хүүхэд бэлэн хариултгүй сууна. Нөхцөл байдлаа ажиглана. Боломжит хувилбаруудаа харьцуулна. Цааш юу болохыг урьдчилан төсөөлнө. Нэгийг нь сонгоно. Нүүнэ. Тэгээд сонголтынхоо үр дагаврыг харна.
Дараа нь эргэж бодно:
Би юуг зөв харсан бэ?
Юуг анзаараагүй вэ?
Дараагийн удаа юуг өөрөөр хийх вэ?
ШИЙДВЭР ГАРГАХ ДАДЛАГА
Шатрын нэг давуу тал нь хүүхэд гаргасан шийдвэрийнхээ үр дагаврыг хөлөг дээр шууд харж чаддагт оршино. Буруу нүүдэл хийсэн бол хаана алдсанаа эргэн харж, өөр хувилбар бодож, дахин оролдож болно. Ингэснээр хүүхэд зөвхөн нүүдлээ бус, өөрийн бодож тунгаасан, шийдсэн арга замаа эргэн шинжлэх дадлага хийдэг.
Энэ бол зөвхөн шатрын тухай зарчим биш. Амьдрал, ажил, төрийн бодлогод ч адилхан: сайн шийдвэрийн өмнө ажиглалт, хувилбар, тооцоо, эргэцүүлэл байдаг.
Шатар үүнийг хүүхэд ахуйгаас нь дадлагажуулах нэг боломж юм.
FIDE: ШАТРЫГ БОЛОВСРОЛД
Олон улсын шатрын холбоо FIDE 2026 оныг “Шатрыг боловсролд” жил болгон зарласан. Гэхдээ энд хамгийн чухал нь нэршил биш. Шатрыг боловсролд ашиглах тухай ойлголт өөрөө дараагийн шатанд гарч байна.
Өмнө нь сургуулийн шатар гэхээр дугуйлан, тэмцээн, авьяаслаг хүүхдийг илрүүлэх тухай илүү их ярьдаг байлаа. Харин өнөөдөр сургуулийн шатар “тоглуулж сургах”-аас “суралцахад ашиглах” чиглэл рүү шилжиж байна.
Шатрыг хүүхдийн суралцах үйл явцад хэрхэн ашиглах вэ?
Шатар мэддэг хүнийг биш, хүүхэдтэй ажиллах арга зүйтэй багшийг хэрхэн бэлтгэх вэ?
Улс орон бүр өөрийн боловсролын тогтолцоонд хэрхэн нийцүүлэх вэ?
Хамгийн гол нь — ямар үр дүн гарч байгааг хэрхэн хэмжих вэ?
FIDE-ийн 2026 оны дэлхийн төлөвлөгөө ч судалгаа, багшийн хөгжил, үндэсний хэрэгжилтийн загвар, сүлжээ ба хамтын ажиллагааг гол чиглэлээ болгож байна.
Энэ өөрчлөлт Монголд нэг чухал боломж өгч байна. Бид хоцорч яваа улс биш. Харин дэлхий өөрөө шинэ загвараа эрж байгаа үед Монгол дэлхийн туршлагаас суралцаад, Монгол хүүхэд, Монгол багш, Монгол сургуулийн нөхцөлд тохирсон өөрийн загварыг бүтээх боломжтой байна.
ЗОРИЛТООС ХЭРЭГЖИЛТ РҮҮ
2024 онд бид “Таван тулгуурт бодлого”-оор ерөнхий боловсролын орчинд шатрын боловсролыг хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн.
Өнгөрсөн зургадугаар сард Улаанбаатар хотноо шатрын боловсролын олон улсын туршлага, Монголд хэрэгжүүлэх боломжийг хэлэлцсэн томоохон уулзалт, эрдэм шинжилгээний хурал болсон. Энэ үеэр Боловсролын яам, FIDE, Монголын Шатрын Холбооны хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан.
Харин өнөөдөр бид зорилго, яриа хэлэлцээнээс бодит хэрэгжилт рүү шилжиж байна.
“Их нүүдэл” хөтөлбөр эхэлж байна.
Багшийн гарын авлага бэлтгэгдсэн. Сургалтын арга зүй боловсруулагдсан. Сургуулиудад шатрын хөлөг хүрч эхэлнэ.
Энэ бол төгсгөл биш. Эхлэл.
Хөтөлбөр гарснаар ажил дуусахгүй. Хөлөг сургуульд хүрснээр ч ажил дуусахгүй. Тэндээс л хамгийн чухал ажил эхэлнэ.
БАГШ БОЛ “ИХ НҮҮДЭЛ”-ИЙН АМИН СҮНС
Тэр ажлын төвд багш байна.
Технологи мэдээлэл өгөх ажлыг хөнгөвчилж чадна. Харин хүүхдэд зөв асуулт тавих, бодлыг нь нээх, алдаагаа эргэн харахад нь чиглүүлэх, урам өгөх ажлыг багш хийдэг.
Мөн нэг хэвийн сурагч гэж байхгүй. Хүүхэд бүрийн суралцах хэмнэл, сонирхол, авьяас, бодох арга өөр. Ирээдүйн багшийн үнэ цэнэ энэ ялгааг таньж, хүүхэд бүрийг өөрөөр нь бодож, суралцаж сургахад улам их оршино.
Бид хөтөлбөр боловсруулж болно. Олон улсын туршлагыг танилцуулж болно. Шатрын хөлөг, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангаж болно. Технологи ашиглаж болно. Харин энэ бүхнийг хүүхдийн суралцах бодит туршлага болгон хувиргах хүн нь багш.
Хүүхэд нэг нүүдэл хийлээ гэж бодъё. Түүнд шууд “Энэ буруу” гэж хэлэх нэг арга бий.
Харин:
“Чи яагаад энэ нүүдлийг сонгов?”
“Өөр ямар хувилбар байсан бэ?”
“Хэрэв өрсөлдөгч ингэвэл дараа нь юу болох вэ?”
гэж асуух өөр арга бий.
Хоёр дахь арга нь хүүхдэд зөвхөн шатар заахгүй. Өөрийн бодлоо тайлбарлах орон зай өгнө. Багш зөв хариултыг түрүүлж хэлдэг хүнээс хүүхдийг зөв асуултад хүргэдэг чиглүүлэгч болно.
Ийм учраас “Их нүүдэл”-ийн амжилтыг зөвхөн хөтөлбөрийн агуулга шийдэхгүй. Багшийн арга зүй, ур чадвар, хүүхэдтэй ажиллах чанар шийднэ.
Та бүхэн “Их нүүдэл” үндэсний хэмжээнд хэрэгжих эхний үеийн сурагчидтай ажиллах гэж байна. Энэ бол хариуцлага. Гэхдээ багшид бүх хариуцлагыг үүрүүлэх ёсгүй. Багшийг бэлтгэх, арга зүйгээр хангах, асуулт тулгарахад нь мэргэжлийн дэмжлэг үзүүлэх нь бидний үүрэг.
ЯАГААД МОНГОЛД ТОХИРОХ ВЭ?
Нэгдүгээрт, шатар Монголд танил, өөрийн гэсэн уламжлалтай. Бид хүүхдэд огт шинэ, танихгүй зүйл санал болгож байгаа биш. Шатар үе дамжин монголчуудын ахуй, оюуны соёлын нэг хэсэг болсоор ирсэн.
Хоёрдугаарт, хүртээмжтэй. Нэг хөлөг, ижил дүрэм. Тусгай орчин, өндөр өртөгтэй тоног төхөөрөмж шаардахгүй учраас хот, хөдөөгийн сургуульд адилхан ашиглах боломжтой.
Гуравдугаарт, шатар бол дэлхийтэй холбогдох нэг хэл.
Улаанбаатарын хүүхэд ч, алслагдсан сумын хүүхэд ч дэлхийн хаана ч байгаа хүүхэдтэй ижил дүрмээр, ижил 64 нүдэн дээр тоглоно. Дүрэм ижил. Талбар нь дэлхий.
Дөрөвдүгээрт, технологи энэ боломжийг улам ойртуулж байна.
Онлайн тоглолт, цахим сургалт, дүн шинжилгээний хэрэгсэл, хиймэл оюун нь багш, хүүхдийг дэлхийн мэдлэг, сургалтын нөөц, тоглогчидтой холбох шинэ боломж нээж байна.
Энд нэг сонирхолтой огтлолцол бий.
Шатар бол уламжлалт мөртлөө технологийн эринд улам шинэ боломж нээж байгаа тоглоом.
Хүүхэд хөлгийн хоёр талд нүүр нүүрээ харан тоглож болно. Мөн Монголын алслагдсан сумаас дэлхийн нөгөө талын хүүхэдтэй тоглож болно. Өргөө өөрөө шинжилж болно. Багш дэлхийн сургалтын материалыг ашиглаж болно. Хиймэл оюуныг ч суралцахад туслах хэрэгсэл болгон ашиглаж болно.
Гэхдээ нэг зарчим өөрчлөгдөхгүй.
Технологи багшийг орлох биш, багшийн боломжийг нэмэгдүүлэх ёстой.
ҮНДЭСНИЙ ЗОРИЛГО
Эрхэм багш нар аа,
“Их нүүдэл”-ийн тухай ярихдаа бид шатрын тухай ярьж байна. Гэхдээ үнэндээ үүнээс том зүйл — Монголын ирээдүйн хүний тухай ярьж байна.
Бидний үндэсний зорилго бол 2040–2045 он гэхэд хаана төрсөн, ямар сургуульд сурч байгаагаас үл хамааран хүүхэд бүр ирээдүйгээ өөрөө авч явах чадвараа хөгжүүлэх тэгш боломжтой Монголыг бүтээх.
Тэр үед хиймэл оюун өнөөдрийнхөөс хавьгүй хүчтэй, ажил мэргэжлийн бүтэц ч өөр болсон байна. Тиймээс бид хүүхдэд бүх хариултыг нь бэлдэж өгөх биш, өөрийн хариултыг эрж олох чадварыг нь хөгжүүлэх ёстой.
Энэ бүхнийг ганц шатар бий болгоно гэж би хэлэхгүй. Тэгж хэлбэл боловсролын нарийн төвөгтэй асуудлыг хэт хялбарчилна. Харин шатар шүүн тунгаах, сонголт хийх, үр дагавраа харах, алдаанаасаа суралцах үйл явцыг хүүхдэд дахин дахин дадлагажуулах нэг сайн орчин байж чадна.
Энэ бол зөвхөн шатрын холбооны хөтөлбөрийн тухай биш. Ирээдүйн Монголын хүний капитал, өрсөлдөх чадварын тухай асуудал.
ХЭМЖИНЭ, СУРАЛЦАНА, САЙЖРУУЛНА
Тоог үр дүн гэж андуурахгүй.
Хэдэн хөлөг тараасан бэ? Хэдэн сургууль хамрагдсан бэ? Хэдэн хүүхэд тоглосон бэ?
Эдгээр тоо хэрэгтэй. Гэхдээ эдгээр нь эцсийн үр дүн биш.
Хөлөг, хамрагдалт бол орц. Харин хүүхэд өөрөө хувилбар бодож, шийдвэрээ тайлбарлаж, алдаанаасаа суралцаж байна уу; багш үүнийг дэмжих арга зүйтэй болж байна уу — бидний харах ёстой үр дүн энд байна.
Бид асуух ёстой:
-Хөтөлбөр хүүхдэд сонирхолтой байна уу?
-Багш арга зүйгээ итгэлтэй ашиглаж байна уу?
-Хүүхэд өөрөө хувилбар бодож, шийдвэрээ тайлбарлаж, алдаагаа эргэн харж байна уу?
-Хот, орон нутгийн хүртээмжийн ялгаа багасч байна уу?
-Юу ажиллаж байна, юуг өөрчлөх хэрэгтэй байна?
Судална.
Туршина.
Хэмжинэ.
Суралцана.
Сайжруулна.
Тэгээд өргөжүүлнэ.
Сайн бодлого гэдэг анхнаасаа төгс бодлого биш. Үр дүнгээ харж, алдаанаасаа суралцаж, засаж чаддаг бодлого.
Тиймээс нэг санал хэлье.
Нэг жилийн дараа бид эргэж уулзъя.
Тэр үед юу хийснээ биш, ямар үр дүн гарсныг ярья.
Амжилтаа ч ярья. Болохгүй байгаа зүйлээ ч нээлттэй хэлэлцье. Тэгээд дараагийн алхмаа бодит үр дүндээ үндэслэн тодорхойлъё.
МОНГОЛЫН ӨӨРИЙН ЗАГВАР
Эндээс дараагийн зорилго гарна: Монголын өөрийн загвар.
Өөрийн загвар гэдэг гаднын туршлагад “Монгол” гэсэн нэр зүүхийг хэлэхгүй. Монгол хүүхдийн суралцах онцлог, багшийн бэлтгэл, хот хөдөөгийн нөхцөл, сургалтын бодит ачаалал, дижитал боломжийг тооцсон, үр дүнгээсээ суралцаж байнга сайжирдаг тогтолцоог хэлнэ.
Бидний зорилго нэг удаагийн хөтөлбөр хэрэгжүүлэх биш. Багшийн бэлтгэл, арга зүй, сургалтын хэрэглэгдэхүүн, хэмжилт, эргэх холбоо нь хоорондоо ажилладаг үндэсний тогтолцоо бий болгох.
Хэрэв энэ загвар үр дүнгээрээ батлагдвал Монгол зөвхөн дэлхийн туршлагаас суралцдаг орон биш, өөрийн туршлагаа дэлхийтэй хуваалцдаг орон болж чадна.
Гэхдээ эхлээд амлалтаа бус, үр дүнгээ харуулах ёстой.
МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ
Эрхэм нөхөд өө,
Монголын ирээдүй гэрэлтэй байна.
Би үүнд итгэдэг. Учир нь Монголын хамгийн үнэт баялаг зөвхөн газар дор байдаггүй. Ирээдүйгээ бодож, бүтээж, авч явах хүүхэд залуусын маань оюун ухаанд бий.
Тэдний өмнө бидний төсөөлөөгүй боломж ч ирнэ. Бидний төсөөлөөгүй сорилт ч ирнэ.
Ирээдүйн бүх хариултыг өнөөдөр бэлдэж өгөх боломжгүй. Харин ирээдүйд өөрийн хариултыг олж чаддаг хүнийг өнөөдөр бэлтгэж болно.
Боловсролын бодлогын үнэ цэнэ өнөөдрийн тайлангаар бус, маргаашийн Монгол хүнээр хэмжигдэнэ.
Хүүхдийн оюунд хийсэн хөрөнгө оруулалт бол Монголын ирээдүйд хийсэн хөрөнгө оруулалт.
Шатарт нэг нүүдэл бүх өргийг шийддэггүй.
Гэхдээ нүүдэл бүр дараагийн боломжийг нээдэг.
“Их нүүдэл” бол Монголын ирээдүйн төлөө өнөөдөр хийж буй бидний нэг нүүдэл.
Баярлалаа.
Баримтын эх сурвалж: World Economic Forum, Future of Jobs Report 2025; OECD, Future of Education and Skills 2030/2040, Learning Compass 2030, Teaching Compass 2030; FIDE EDU, 2026 Annual Plan / Year of Chess in Education.
