

2026 оны төсвийн тодотголыг Засгийн газар наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Төрийн зардлыг 1.4 их наяд төгрөгөөр танаж, хэмнэсэн эх үүсвэрийг тэтгэвэр, цалин, боловсрол, хүнсний болон эрчим хүчний тогтвортой байдалд чиглүүлнэ гэж Засгийн газар тайлбарлаж байна. Гэвч тодотголын төсөлд нэгдсэн төсвийн алдагдал 2.048 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2 хувь байхаар тусгасан нь өмнөх оны бодит гүйцэтгэлээс алдагдал нэмэгдэхээр байгааг харуулж байна.
Яагаад төсөвт тодотгол хийх болов?
Засгийн газар энэ удаагийн тодотголыг эдийн засаг, нийгэмд үүссэн нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байна. Гол зорилго нь төрийн тэвчиж болох зардлыг танаж, бага орлоготой иргэдийг инфляц болон өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөөс хамгаалах, стратегийн нөөц болон эрчим хүчний найдвартай байдлыг хангах явдал гэжээ.
2026 оны эхний дөрвөн сарын байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл энэ хугацаанд 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай, ДНБ-ий 1.4 хувьтай тэнцэж байсан бөгөөд алдагдалд төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийн нэмэгдэл голлон нөлөөлсөн гэж Сангийн сайд тайлбарласан.
1.4 их наяд төгрөгийн хэмнэлтийг юунд зарцуулах вэ?
Ахмадын тэтгэвэр — 196.3 тэрбум төгрөг.
2026 оны арваннэгдүгээр сараас 435 мянган ахмадын суурь тэтгэврийг дунджаар 220 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхэд оны сүүлийн хоёр сарын хугацаанд 196.3 тэрбум төгрөг зарцуулахаар тооцжээ. Ингэснээр олон жил шимтгэл төлсөн иргэн илүү өндөр тэтгэвэр авах зарчмыг хэрэгжүүлэх эхлэл гэж Засгийн газар үзэж байна.
Төрийн үйлчилгээний ажилтны цалин — 166.3 тэрбум төгрөг.
2026 оны эхнээс боловсролын салбарын цалин 50, эрүүл мэндийн салбарынх 30, шинжлэх ухааны салбарынх 15 хувиар нэмэгдсэн боловч бусад төрийн үйлчилгээний ажилтны цалин нэмэгдээгүй. Тиймээс арваннэгдүгээр сараас төрийн үйлчилгээний бусад салбарын цалинг 2025 оны суурь түвшнээс 50 хувьд хүргэж жигдрүүлэхэд 166.3 тэрбум төгрөг тусгажээ.
Боловсролын салбар — 674.5 тэрбум төгрөг.
93.5 мянган багш, ажилтны цалинг 2026 оны эцэс хүртэл бүрэн олгоход дутагдаж буй 674.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэхээр тусгасан байна.
Хүнсний стратегийн нөөц — 150 тэрбум төгрөг.
Мах, улаанбуудай, хүнсний ногооны нөөц, хадгалалт, нийлүүлэлтийг тогтворжуулахад 150 тэрбум төгрөг тусгахаар төлөвлөжээ. Энэ нь үнийн өсөлтийг зөөлрүүлэх зорилготой.
Эрчим хүч — нийт 200 тэрбум төгрөг орчим.
Импортын цахилгааны өртгийн өсөлтийг хэрэглэгчдэд шууд шилжүүлэхгүй байхад 107.3 тэрбум төгрөгийн тарифын татаас, эрчим хүчний станц, дамжуулах болон түгээх сүлжээний их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг нэмж тусгажээ.
УИХ-ын ээлжит бус чуулганаар юу хэлэлцэх вэ?
Есдүгээр сарын 7-ны 10:00 цагт ээлжит бус чуулганыг эхлүүлж, есдүгээр сарын 14-нд хаахаар шийдвэрлэсэн талаар УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээлсэн байна.
Тодотголыг батлахын тулд зөвхөн улсын төсвийн нэг хуульд өөрчлөлт оруулахгүй.
Засгийн газраас УИХ-д:
зэрэг хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн. Үүнийг дагалдуулан найман хуулийн төсөл, УИХ-ын хоёр тогтоолын төсөл боловсруулжээ.
Төсвийн алдагдал ямар байгаа вэ?
Засгийн газрын өргөн мэдүүлсэн тодотголын төсөлд 2026 оны:
байхаар тусгасан.
Эндээс харахад 1.4 их наяд төгрөгийн зардал хэмнэж байгаа ч 2026 оны төсвийн алдагдал тэг болохгүй.
Цаашлаад 2027 онд алдагдлыг ДНБ-ий 1.5 хувь, 2028 онд 1 хувь хүртэл бууруулах дунд хугацааны зорилт тавьжээ.
Гэхдээ тодотголын төсөлд нэг сонирхолтой өөрчлөлт бий. Орон нутгийн төсвийн өмнөх оны ашиглаагүй үлдэгдлийг зарцуулах эрхийг нээхтэй холбоотойгоор нийт төсвийн зардал болон алдагдлыг 998 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх санал мөн орсон. Засгийн газар үүнээс бусад үндсэн эдийн засгийн үзүүлэлтүүдийг өөрчлөхгүй гэж тайлбарласан.
Өмнөх онтой харьцуулахад ямар зөрүүтэй вэ?
Өмнөх онтой харьцуулахад 2026 оны тодотголын төсөлд орлого 5.4 орчим хувиар, нийт зарлага 8.4 орчим хувиар өсөхөөр байна.
Ингэснээр зарлагын өсөлт орлогын өсөлтөөс хурдан байгаа учраас төсвийн алдагдал 2025 оны бодит гүйцэтгэлээс ойролцоогоор хоёр дахин нэмэгдэж, 1.028 их наядаас 2.048 их наяд төгрөгт хүрэхээр тооцжээ.
Өөрөөр хэлбэл, энэ тодотголыг “алдагдал бууруулах төсөв” гэж шууд нэрлэхэд тохирохгүй. Харин төрийн зарим зардлыг танаж, зайлшгүй гэж үзсэн зардлуудыг санхүүжүүлэхийн зэрэгцээ алдагдлыг ДНБ-ий 2 хувийн хүрээнд барих төсөл гэж тодорхойлж болно.
