

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Төв аймгийн Баян суманд байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх төвд өчигдөр ажиллаж, бодит нөхцөл байдалтай танилцсан байна.
Өнөөдрийн байдлаар тус төвд согтуурах донтой 58, мансуурах донтой 3 хүн албадан эмчилгээ хийлгэж байна. Тус газар жилд дунджаар 400-500 хүнийг хүлээн авч эмчилгээнд хамруулдаг бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 5,197 хүн хэвтэн эмчлүүлж, 3,805 хүнийг архины хамаарлаас гаргасан байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: “Согтуурах болон мансуурах бодисын хамаарал нэмэгдэж, түүнээс шалтгаалсан гэмт хэрэг, зөрчил буурахгүй байгаа өнөөгийн нөхцөлд энэ асуудлын цар хүрээ нь зөвхөн Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын хүчин чадал, боломжийн хүрээнээс хэдийн давсан байна. Иймээс нэг байгууллага дангаараа энэ асуудлыг шийдвэрлэх бус, төрийн холбогдох байгууллагуудын уялдаа холбоо, хамтын оролцоонд тулгуурласан цогц тогтолцоог бүрдүүлэх шаардлага үүссэн байна.” гэсэн юм.
Мөн энэ үеэр Эрүүл мэндийн яам, Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон бусад холбогдох байгууллагын мэргэжилтнүүд тус төвийн эмчилгээ, үйлчилгээ, орчин нөхцөл, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож тодорхой асуудлуудыг шийдвэрлэлээ.
Тухайлбал, ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы өгсөн чиг үүргийн дагуу Эрүүл мэндийн яам тус төвд хэвтэн эмчлүүлж буй иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эмийн хангамжид онцгой анхаарч, эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, Тус төвд ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэшил, ур чадварыг дээшлүүлж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах, Мансууруулах бодисын хамааралтай иргэдийг эмчлэх стандартыг шинэчилж, согтуурах болон мансуурах бодисын хамааралтай иргэдийн эмчилгээг тусгаарлан зохион байгуулах боломжийг судалж, хэрэгжүүлэхээр боллоо.
Албадан эмчилгээний зардлыг Улсын төсөв, Нийгмийн даатгалын сангаас гаргадаг тогтолцоог халж, Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангаас зардлыг гаргадаг зохицуулалт хийнэ.
ШШГЕГ Архины албадан эмчилгээнд хамрагдаад алдаагаа ухаарч, хөдөлмөр эрхэлж зөв дадалтай амьдрах хүсэл эрмэлзэлтэй болсон иргэдийг олон сар байлгахгүйгээр нийгэмшүүлэх ажлыг хийдэг болохын тулд холбогдох дүрэм журамд өөрчлөлт оруулах асуудлыг судлан дариу шийдвэрлэхийг ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан үүрэг болголоо. Энэ тухайгаа тэрээр “Энэ асуудалд төрийн байгууллагууд хойрго хандах бус, урьдчилан сэргийлэхээс эхлээд эмчлэх, нийгэмшүүлэх, хөдөлмөр эрхлүүлэх хүртэлх цогц тогтолцоог бүрдүүлж, салбар хоорондын уялдаа холбоог ханган, бодит үр дүн гаргаж ажиллах шаардлагатай. Хууль зүй, дотоод хэргийн яам энэ чиглэлд манлайлж, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулан, бүх талын оролцоог хангаж, бодит өөрчлөлт, үр дүн гаргахад онцгой анхаарч ажиллана” гэдгээ илэрхийллээ.
