“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойших хугацаанд төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт” сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав.
Ажлын хэсгийн ахлагч М.Мандхай хуралдааны үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яам, Монголбанкнаас зургаан хайрцаг мэдээлэл ирүүлсэн хэдий ч мэдээллүүд хоорондоо зөрүүтэй, бодит тоон нэгдсэн мэдээлэл дутмаг байгааг онцолсон юм.
Тухайлбал, 2015-2025 оны хооронд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 29 хөтөлбөр, аян, хөдөлгөөн, арга хэмжээний хүрээнд нийт 1.3 их наяд төгрөгийг төрийн дэмжлэг, урамшуулал болон зээлийн хүүгийн татаас хэлбэрээр олгосон байна. Мөн энэ хугацаанд тус салбарын төсөв тав дахин нэмэгджээ.
Гэвч татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжсэн энэ их хэмжээний дэмжлэг яг хэнд, ямар компанид, ямар зориулалтаар очсон нь тодорхой байх ёстой. Өөрөөр хэлбэл, төрийн мөнгө хаашаа зарцуулагдаж, ямар үр дүн бий болгосныг олон нийт мэдэх эрхтэй.
Аливаа ерөнхий хяналтын сонсголыг үр дүнтэй явуулахын тулд дата, мэдээлэл цэгцтэй, үнэн зөв, дэлгэрэнгүй байх шаардлагатай. Гэтэл холбогдох байгууллагуудаас ирүүлсэн мэдээлэл хоорондоо зөрүүтэй, зарим тохиолдолд дутуу байгаа нь сонсголоос гарах үр дүнг сулруулах эрсдэлтэй.
Иймд ажлын хэсгийн дараагийн хуралдаанаас өмнө буюу ирэх долоо хоногт багтаан холбогдох яам, төрийн байгууллагууд тайлбар, мэдээллээ бүрэн дүүрэн, цэгцтэй, тодорхой ирүүлэх чиглэлийг өгсөн байна.
Ерөнхий хяналтын сонсголын эцсийн зорилго нь төрийн мөнгө хаашаа зарцуулагдсаныг тогтоож, үр дүнгүй зарцуулсан бол хариуцлага тооцох явдал. Үүний тулд хамгийн наад зах нь “Хэн авсан бэ? Хэдийг авсан бэ? Юунд зарцуулсан бэ? Ямар үр дүнд хүрсэн бэ? Эргэн төлөлт нь ямар байна вэ?” гэсэн асуултад тодорхой хариулт өгөх шаардлагатай. Энэ бол зөвхөн тоон мэдээлэл цуглуулах тухай асуудал биш.
Төрийн дэмжлэг нэрийн дор татвар төлөгчдийн мөнгө хэнд очсон, тэр мөнгө бодит үр өгөөжөө өгсөн эсэхийг тогтоох тухай асуудал. Тиймээс олон нийтэд ил тод байх ёстой төрийн мөнгөний мөрөөр явахдаа хэн нэгний нэрийг зориуд бүдгэрүүлж, мэдээллийг дутуу өгөх ёсгүй. Төрийн мөнгөний цаана хэн байгааг тогтоох нь хяналтын сонсголын хамгийн чухал үр дүн байх учиртай.