

“Алтан Дорнод Монгол” компанийн Ерөнхий захирал Тордайн Ганболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд бэлэн гэдгээ саяхан илэрхийлсэн. Тэгвэл түүнтэй энэ асуудлынх нь талаар болон өнөөгийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Та бол уул уурхай, барилга, зочид буудлын салбарт томоохон бизнес эрхэлдэг хүн. Ер нь ямар учраас та Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон бэ? Энэ талаар яриагаа эхэлье.
-Мэдээж хэрэг Үндсэн хуулиар олгогдсон иргэн бүрт байгаа эрх гэж юм бий. Түүний дагуу боломжгүй зүйл гэж үгүй. Мэдээж хэрэг Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай нам эвслүүдээс нэр дэвшдэг. Хэрэв тийм боломж олдвол би нэр дэвшихэд бэлэн.
Тухайн УИХ-д суудалтай нам эвслүүд 3 сарын сүүлээр намуудын бага хурлууд, үндэсний бодлогын хороонууд нь хуралдаж байж нэр дэвшигчээ албажуулж зарладаг. Миний хэлсэн санааг хэвлэл мэдээллийн байгууллагууд хэтэрхий өөдрөгөөр мэдээлсэн байна лээ. Гэхдээ би боломж олдвол нэр дэвшихэд бэлэн гэдгээ одоо ч гэсэн илэрхийлж байгаа.
-Та өмнө нь "би аль ч намд байдаггүй" гэж мэдэгдсэн. Монгол Улсын Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийн сонгуульд зөвхөн УИХ-д суудалтай улс төрийн намууд нэр дэвшүүлэх эрхтэй. Тэгэхээр та аль нэг намд элсэж нэр дэвших үү, эсвэл аль нэг намаас танд албан ёсны санал ирсэн үү?
-Одоогийн байдлаар зүгээр л ярианы түвшинд байгаа. Яг аль нэг талаасаа албажих, баталгаажих процесс нь болооогүй байна. Бас энэ чинь хуулийн хугацаа гэж байгаа. Тэгээд шийдвэр гаргадаг хугацаанууд нь байгаа. Тэр үед л тодорхой болох байх. Хэрэв боломж нь олдвол.
-Та 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг "Монгол Улсын дараагийн хөгжлийн өөрчлөлтийг авчрах үүлэн чөлөөний нар гарах чухал сонгууль" гэж тодорхойлсон. Та хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдвол өнөөгийн засаглалын тогтолцоо болон парламентын бүтцэд ямар үндсэн өөрчлөлт хийх вэ?
-Ерөнхийлөгчийн эрх мэдэл гэж хуулинд заасан тодорхой зааг байгаа. УИХ-ын эрх мэдэл гэж бас нэг зүйл байгаа. Тэгэхээр манай улс бол парламентын засаглалтай улс. Аливаа нэг хуулийг санаачилж баталж амьдралд хэрэгжүүлэх нь УИХ-ын эрх мэдэлд байдаг. Ерөнхийлөгч бол мэдээж хууль санаачлах эрх бүхий субьект. Зүгээр амьдрал дээр бид нарын мэдэх хэмжээнд бол Ерөнхийлөгч улс төр, нийгэм улс орны амьдралд маш их том нөлөөтэй. Бас хэний ч нууц биш. Ерөнхийлөгч таалсан хүнээ Ерөнхий сайд болгодог. Таалаагүй хүнээ, таалаагүй Засгийн газраа унагаах хэмжээний тийм хүчийг шууд бусаар өөртөө агуулж явдаг.
-Цахим орчинд болон иргэдийн дунд таны хувийн амьдралын асуудлууд нэлээд шуугиан тарьж байсан. Төрийн тэргүүнд нэр дэвшиж буй хүний хувийн нэр хүнд, ёс зүй маш чухалд тооцогддог. Иргэдийн зүгээс ирж буй "Гэр бүл, амьдралаа цэгцэлж чадаагүй хүн төр авч явна гэж юу байдаг юм" гэх шүүмжлэлд та ямар хариулт өгөх вэ?
-Бид нар нэгдүгээрт ардчилсан нийгэмд амьдардаг. Төрөл бүрийн үзэл санаатай хүмүүс байгаа. Төрөл бүрийн юмыг янз янзын өнцгөөс ойлгодог хүмүүс ч байгаа.
Гэрээ зассан уу гэвэл би бүүр хэтрүүлтэл нь зассан. Тэрэн дээр одоо санаа зовох юм байхгүй.
Ямар нэгэн эргэлзээ байгаа бол тэр одоо холбогдоод байгаа, тэр одоо гомдоод байгаа гэж байгаа юмуу, тэр манай салсан гэр бүлийн хүнээс тодруулчих хэрэгтэй. Та одоо сэтгэл хангалуун биш байгаа юу? Та их гомдолтой байгаа юу? Таны ярьж байсан бүгд үнэн юм уу? Ганболдыг эсвэл та бухимдал уурандаа бас худлаа ярьсан юм уу? Хэрэв заавал тэрнийг шүүх гээд байгаа юм бол өөрөөс нь л асуу. Тэрнээс би хүний өмнөөс ярина гэдэг утгаггүй. Би бол худлаа ярьдаггүй. Тэрэнд эргэлзэх хэрэггүй.
-Хэрэв та Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд ялалт байгуулж, Монгол улсын Ерөнхийлөгч болвол хамгийн түрүүнд ямар ажлуудыг хийх вэ?
-Наадахыг чинь хамаагүй ингэж эрт ил ярьж болохгүй зүйл. Тэгэхээр аливаа сонгууль гэдэг чинь өөрөө өрсөлдөөн байдаг. Аливаа юмыг өөрийнх нь цаг тухайн үед нь яриад явна. Тэрнийг бол бодлогын хэмжээнд боловсруулж бэлдэж байгаа гэж ойлгож болно. Мэдээж хэрэг болоогүй байгаа юмыг ярьж тэр эсрэг талын өгөөш хоол болгох одоохондоо шаардлага байхгүй.
-Та өнөөгийн Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засгийн байдлыг хэрхэн тодорхойлох вэ?
-Би татвар төлөгчийн хувьд маш их олон жил энэ авлигал, үрлэгэн эдийн засгийн бодлого, төр засгийг шүүмжилж ирсэн. Энийг би их олон жил ярьж байна. Харамсалтай нь энэ нь үеийн үед өөрчлөгдөх биш бүр илүү их муудаад яваад байгаа. Энийг бол одоо би хэлэхээсээ илүү та өөрийнхөө амьдрал дээр шууд мэдэрч байгаа байх. Мэдээж нийт ард түмнээрээ бид нар маш дорой муу амьдарч байгаа. Эдийн засаг хэд дахин томорсныг тоо өөрөө худлаа ярьдаггүй гэж яриад л байдаг. Тоогоор нь ингээд л харчихаж болно. Өнгөрсөн 10 жилийн дотор улсын төсөв бараг 6 дахин томорлоо.
Өнгөрсөн жил гэхэд 33 их наяд төгрөгийн улсын төсөв батлаад одоо бараг 2,3 их наядын алдагдалтай байна гэж ярьж байна. Тэгэхэд 2027 оны улсын төсөв одоо ид яригдаж, улсын төсвийн ирэх оны төсөв нь бэлэн болсон байна гэж байна. 43,4 орчим их наядын төсөв батлах гээд оруулж ирж байна. Төсөвт оруулах орлогынх нь хэмжээ нь гэхэд 41 гаруй их наяд, алдагдал нь дахиад л 2 гаруй их наяд гэж байна.
Энэ өөрөө тоон аргачлалын хувьд ч гэсэн боломжгүй зүйл. Яагаад гэвэл өнгөрсөн онд 33 их наядаар баталчихаад тэр нь өөрөө 2 гаруй их наядаар тасарцан байна гэж байхад яагаад энийг дахиад 30 гаруй хувиар өсгөөд дахиад алдагдалтай төсөв оруулж ирж байгаа юм. Энэ бол өөрөө байж боломгүй абсурд ойлголт гэсэн үг.
Дээрээс нь дэлхий даяар энэ дайн дажин геополитикийн нөхцөл байдлаас болоод нефтийн үнэ өссөн. Манайх мэдээж хэрэг үүнд ямар ч бэлтгэлгүй үргэлж бэлэнчлэх сэтгэлгээгээр олсон мөнгөө тэр даруйд нь асар өндөр өртөгтэй бүтээн байгуулалт нэртэй хулгайн хэлбэрээр үрэн таран хийж явсан.
Үүнийг нэг талаас нь харахад асар их хэмжээний түүхий эд байгалийн баялаг экспортонд гаргаад орлого зөндөө их олсон ч харин наалдсан өгөөж нь байна уу гээд үзэхээр бараг байхгүй шахуу байдалтай байна.
Бас тэр улс төрчдийг дагасан цөөхөн хэсэг нь асар их баяжаад үлдсэн хэсэг нь туйлдаа хүртэл ядуурсан ийм л нөхцөл байдал өнөөдрийн бидний бодит амьдрал болчихоод байна.
Тэгэхээр өнөөдөр эрх баригч намынхны батлах гэж байгаа энэ ирэх оны төсөв бол сонгуулийг угтсан асар их мөнгө цаас үрэх гэж байгаа сонгуульд зориулсан төсөв гэдгийг ямар ч эрүүл ухаантай хүн ойлгож байгаа. Энэ эрх барьж байгаа нам ийм л юм хийдэг.
Үеийн үед сонгууль болгоноор бид нарт оногдох ёстой уул уурхайн баялагийг ийм маягаар үрж ирсэн. Тэндээсээ өөрсдөө нэлээн хэсгийг хувьдаа халаасалдаг. Харин үлдсэн хэсгээр нь ард иргэдэд наалдацгүй зөвхөн сонгуульд зориулсан асар их халамж гэх мэт хэрэггүй зүйлд зарцуулдаг.
Үүнээс үүдээд нөгөө инфляц гэдэг зүйл маань асар хурдтай нэмэгддэг. Хамгийн энгийн жишээ хэлэхэд л 1990 онд нэг доллар ойролцоогоор 4 төгрөгтэй тэнцэж байсан. Тэгвэл одоо 1200 дахин өсчихөөд байна. 2016 онд хонины мах 6000 төгрөг байсан бол өнөөдөр 6 дахин өссөн байна.
Энэ бол дэлхийд болж байгаа дайн тулаантай ямар ч хамаагүй зүйл. Энэ бол эрх баригчид ямар мунхаг бодлого явуулж байгаагийн л нэг баталгаа. Гэхдээ одоо цаг үе их өөр болсон. Бид нар 21-р зуунд амьдарч байна. Өнөөдөр техник технологи, хүний сэтгэлгээ бүх юм шал өөр болсон. Бас манай ард түмэн ч сонгууль болгоноор хууртагдаад байдаг тийм гэнэн байхаа больсон.
Тэр утгаараа манай улс төр болоод нийгэм үүнийг дагаад тэртээ тэргүй өөрчлөгдөнө. Өнөөдөр харамсалтай нь бид нарыг удирдаж байгаа хүмүүс мэдлэг туршлага маш нимгэн хүмүүс байна. Тэр үүднээсээ би татвар төлөгчийн хувьд энэ бүхний эсрэг дуугарах эрхтэй. Энэ нь бас та бидэнд Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөө.
Ярилцлага үзэх:
Ж.Батдорж
