Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2026.09.03 17:00
279
Барилга, хот байгуулалтын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медаль гардууллаа

Монгол Улсын барилга, хот байгуулалтын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Барилгачдын өдөр”-ийг тохиолдуулан төрийн дээд одон, медаль болон нийслэлийн нутгийн удирдлагын байгууллагын дээд шагнал “Хангарди” одон гардуулах ёслолын арга хэмжээ боллоо.

Ёслолын арга хэмжээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаны хүмүүс оролцов.

НИТХ-ын дарга Д.Ихбаяр арга хэмжээг хэлсэн үгэндээ барилга, хот байгуулалтын салбарын 100 жилийн түүх нь Монгол Улсын бүтээн байгуулалт, хөгжлийн түүхийн салшгүй хэсэг бөгөөд Улаанбаатар хотын хөгжил, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад барилгачид, инженер, техникийн ажилтнуудын хөдөлмөр, хувь нэмэр чухал болохыг тэмдэглэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар “Алтан гадас” одонгоор “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын Барилга захиалагчийн хэлтсийн дарга Б.Ганзориг, Төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга Н.Эгиймааг, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын Орчны тохижилт, ногоон байгууламжийн бүсийн ахлах инженер С.Ариунтуул, Зураг төслийн хяналтын хэлтсийн ахлах инженер Б.Бат-Оргил, Барилгын хяналтын инженер Б.Туяажаргал нарыг тус тус шагнав.

НИТХ-ын даргын захирамжаар Нийслэлийн нутгийн удирдлагын байгууллагын дээд шагнал “Хангарди” одонгоор Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар, “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ, “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ болон “Хөрш Заанууд” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Батзориг нарыг шагналаа.

Нийслэлийг хөгжүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх үйлсэд оруулсан онцгой хувь нэмрийг нь үнэлж, Нийслэлийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газрын ахлах мэргэжилтэн Ц.Мягмарсүрэн, “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын мэргэжилтэн Ө.Эрдэнэчимэг нарыг шагнав.

Мөн “Нийслэлийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-ын хэлтсийн дарга С.Анхбаяр, Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газрын мэргэжилтэн Э.Мөнх-Эрдэнэ нарыг, Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын зураг төслийн хяналтын инженер Э.Энхтөгөлдөрийг тус тус шагнасан юм.