М.Нансалмаа
Сэтгүүлч
Нийгэм
5 цагийн дараа
113
ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл жинхэнэ эзэндээ хүрэхгүй байна

Монгол Улсын эдийн засгийн тулгуур багана нь уул уурхай мэт харагдавч, бодит амьдрал дээр иргэдийн орлого, ажлын байрыг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид нуруундаа үүрч байдаг. Өнөөдөр Монгол Улсад 76 мянга гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч байдаг ч тэдэнд зориулсан хөнгөлөлттэй зээл жинхэнэ эзэддээ хүрч чадахгүй, давуу эрхтэй цөөнхийн бизнесийг тэтгэсээр байна.

Төрөөс тэднийг дэмжих, үйлдвэрлэлийг өргөжүүлэх зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-аар дамжуулан жил бүр тэрбумаар хэмжигдэх хөнгөлөлттэй зээл, санхүүжилтийг хуваарилдаг ч бодит байдал дээр гутал оёдог, талх барьдаг, хүлэмжийн аж ахуй эрхэлдэг иргэдэд энэ зээл олдох нь алс холын мөрөөдөл байсаар байна.   

ЖДҮ-ийг дэмжих сан болон арилжааны банкуудаар дамжин олгогдож буй хөнгөлөлттэй зээлүүд жинхэнэ эзэндээ хүрдэггүйн гол шалтгаан нь улс төрчдийн хамаарал бүхий компаниуд, нөлөө бүхий эрх мэдэлтнүүдийн халаасанд ордог явдал юм. Хэдхэн жилийн өмнө гарсан ЖДҮ-ийн сангийн дуулиан үүний тод жишээ юм.

Төрийн өндөр албан тушаалтнууд өөрсдийн компанид бага хүүтэй зээл авч, жинхэнэ утгаараа өдөр шөнөгүй хөдөлмөрлөж буй жижиг бизнес эрхлэгчдийн боломжийг хулгайлсаар байна.

Түүх сөхвөл, ЖДҮХС-ийн зээлүүд УИХ-ын гишүүд, сайд нар болон тэдний хамаарал бүхий компаниудад маш бага хүүтэйгээр, олон тэрбумаар олгогдож байсан дуулиан өнөөг хүртэл мартагдаагүй. Төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдэл, мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан жинхэнэ баялаг бүтээгчдийн боломжийг "дээрэмдсэн" гашуун жишээ үүнийг гэрчилнэ.

Өнөөдөр жирийн бизнес эрхлэгч арилжааны банкнаас 15-20 хувийн хүүтэй зээл авч, өдөр шөнөгүй зүтгэж байхад, төрийн сангийн 3-5 хувийн хүүтэй хөрөнгө хэн нэгэн даргын халаасанд орж, эсвэл бүр банкинд хүүг нь өсгөж байршуулах хэрэгсэл болдог нь нууц биш. Мөн ЖДҮ эрхлэгчид үйл ажиллагаа явуулахад бизнесийн бус шалгуур, барьцаа хөрөнгийн хатуу нөхцөл, хүнд суртал ба цаг хугацаа гэсэн асар олон саад бэрхшээлтэй тулгардаг.

Тухайлбал "Бест Буйдан" ХХК-ийн үүсгэн байгуулагч Ү.Батбаяр үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдэд төрийн дэмжлэг, тэр дундаа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл бодит амьдрал дээр жинхэнэ эзэддээ хүрч чадахгүй байгаа талаар шүүмжилсэн байна.

Тэрээр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Төрөөс зээл олгохдоо зөвхөн цаас хараад, төсөл бичсэн, барьцаа хөрөнгөтэй хүмүүст өгдөг болохоос биш, яг бодит амьдрал дээр үйлдвэрлэл эрхлэн ажлын байр бүтээж байгаа хүмүүст ЖДҮ-ийн зээл хүрэхгүй, эзнээ олохгүй байна” хэмээн дурджээ. Гэтэл энэ бүх гажуудлыг засахгүйгээр Монгол Улсад дотоодын үйлдвэрлэл хөгжих, ажлын байр нэмэгдэх тухай ярих ямар ч боломжгүй юм.

ЖДҮ-ийн зээлийг жинхэнэ эзэнд нь хүргэхийн тулд зөвхөн цахим систем нэвтрүүлээд зогсохгүй, төсөл шалгаруулах үйл явцад хөндлөнгийн хараат бус мэргэжлийн холбоод, олон нийтийн хяналтыг оруулах шаардлагатай.

Мөн зээл авсан аж ахуйн нэгжүүдийн явцын хяналтыг сайжруулж, ажлын байр үнэхээр нэмэгдсэн үү, үйлдвэрлэл явагдаж байна уу гэдгийг газар дээр нь шалгадаг хатуу систем үгүйлэгдэж байна.

Мэдээж төрийн энэ дэмжлэг эзнээ олж чадвал Монгол улс импортлогч биш үйлдвэрлэгч улс болох бүрэн боломжтой. Энэ үүднээсээ ЖДҮ-ийн зээл жинхэнэ эзэндээ очих цагт л Монголын эдийн засаг эрүүлжиж, дундаж давхарга зузаарна. Харин энэ зээл дарга нарын халаас руу урдын адил урсдаг хэвээр байвал баялаг бүтээгчид дампуурч, эдийн засаг улам бүр хумигдана.

Төр засгийн зүгээс ЖДҮ эрхлэгчдийг "халамж авагч" биш, "баялаг бүтээгч" гэж харж, зээлийн хуваарилалтаа шударга болгохыг цаг үе шаардаж байна.

 

Ж.Батдорж