

Улсын гарди М.Бадарчийн барилдах эрхийг сэргээх эсэх асуудлаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав мэдээлэл өглөө.
Тэрээр “Улсын гарди М.Бадарчийн барилдах эрхийг сэргээх хууль, эрх зүйн боломж байхгүй. Эрхгүй үедээ барилдвал барилдах эрхийг хоёр дахин үржүүлж хасдаг.
М.Бадарчийн асуудал дээр улс төр орсон асуудал огт байхгүй. Монгол Улсын төрийн тэргүүн хүртэл намайг дуудаж уулзаад “Энэ асуудлыг нь анхаарч үзээч, барилдуулах боломж бий юу” гэж асуусан. Гэхдээ одоо мөрдөгдөж буй хуулиар тийм боломж байхгүй.
Олонхийн санал аваад л шийдчихдэг асуудал огт биш. Допингийн хууль дүрэм журмаа дагаад, хуулийн дагуу явбал зөөлөн. Учир утгагүй муйхарлаад байвал хэцүү шүү дээ.
Үндэсний бөхийн холбоо 2023 оноос хойш хэний ч эрхийг сэргээгээгүй. Ялгаварлан гадуурхалт байж болохгүй. Бүх зүйл хууль дүрмийн дагуу явна.
Улсын цолтой бөхчүүд сумын наадамд очиж түрүүг авдаг, түрүү бөх хоёр гурван хоногийн өмнө тодорсон байдаг гэдэг асуудал яригдаад олон жил болж байна. ҮБХ-оос аравдугаар сард энэ асуудал дээр нээлттэй хэлэлцүүлэг хийнэ. Монголчууд уянгын халилаар энэ асуудалд хандаж болохгүй.
Найрааг бөхчүүд өөрсдөө гаргаж байгаа учраас энэ асуудал дээр хатуу хуулийн зохицуулалт орох байх гэж бодож байна. Манай дүү нарын үе арай л хавтгай байна. Бидний үед арай ч ийм байгаагүй. Манай зарим залуу бөхчүүд “Энэ асуудлыг болъё. Үндэсний бөхийн нэр төрөө цэвэрлэе” гэж байгаа нь сайшаалтай. Тиймээс зоригтой өөрчлөлтийг хийнэ “гэв.
Шууд дамжуулалтыг үзэх:
