Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
7 цагийн дараа
92
Сурагчдын спортын заал төрийн албан хаагчдынх биш

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын удирдлагуудад “хичээлийн бус цагаар спорт заалаа төрийн албан хаагчдад ашиглуулах” чиглэл өгчээ.

Гэтэл өнөөдөр Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид чөлөөт цагаа өнгөрөөх, спортоор хичээллэх, секц дугуйланд хамрагдах зориулалтын талбай хангалтгүй байна.

Ялангуяа Баянзүрх дүүрэг нь хүн ам олноор төвлөрсөн, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал тулгамдсан дүүргийн нэг. Ийм нөхцөлд цөөн хэдэн сургуулийн спорт заалыг төрийн албан хаагчдад үнэ төлбөргүй ашиглуулах нь сурагчдын спортоор хичээллэх боломжийг улам хязгаарлах эрсдэлтэй.

Түүнчлэн сургуулийн спорт заалыг ашигласнаар гарах цэвэрлэгээ, ариутгал, ашиглалттай холбоотой зардал, ажилтнуудын хөдөлмөрийн хөлс зэрэг нь эцсийн дүндээ татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжих асуудал яригдана.

Хэрэв үнэхээр оройн цагаар сургуулийн спорт заал сул байдаг бол түүнийг юуны өмнө сурагчдад ашиглуулах нь зөв. Ялангуяа ахлах ангийн сурагчид хичээлийн бус цагаар секц, дугуйланд хамрагдаж, спортоор хичээллэн, бие бялдраа хөгжүүлэх боломжийг бүрдүүлж өгөх хэрэгтэй.

Төрийн албан хаагчид спортоор хичээллэж эрүүл мэнддээ анхаарахад Засаг дарга И.Баттөгс санаа зовж байгаа нь сайн хэрэг ч сургуулийн заалыг биш. Төрийн албан хаагчдын спортын хэрэгцээг шийдэхийн тулд сурагчдын зориулалтын орон зайг ашиглах нь хэр оновчтой шийдвэр вэ?