

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шатахууны шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.
АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотын 117 шатахуун түгээх станцад 1185 тонн бүтээгдэхүүн нийлүүлсэн байна. Орон нутгийн 93 ШТС-д 934 тонн АИ-92 төрлийн авто бензинийг нийлүүлсэн.
Нийслэл хотод шатахуун түгээх станцуудын оочир дугаарлалт харьцангуй багассан учраас орон нутгийн ачилтыг нэмэгдүүлж, тасралтгүй ажиллуулахаар ханган ажиллаж байна. Ирэх амралтын өдрүүдэд аж ахуйн нэгжүүдийн агуулахууд хэвийн ажиллаж, түгээлтийг хэвийн үргэлжлүүлнэ.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 210, орон нутагт нийтдээ 524 шатахуун түгээх станцад авто бензин болон дизель түлшийг хэрэглэгчдэд түгээн ажиллаж байна. Харин улсын хэмжээнд 28 ШТС үлдэгдэлгүй болсон.
Улсын хэмжээнд холбогдох мэдээллүүдийг авч, долоо хоногийн турш бүтээгдэхүүнгүй байсан шатахуун түгээх станцуудад нэмэлт ачилтуудыг гарган ажиллаж байгаа" гэв.
