

Хичээл, сургуулийн шинэ улирал эхэлж, сурагч, оюутнуудын хөл хөдөлгөөн нэмэгдлээ. Харин хичээлээ тараад бие даалт хийх, ном унших, шалгалтдаа бэлдэхэд тохиромжтой орчин хайх шаардлага тулгардаг. Кофе шопоос илүү тухтай, чөлөөтэй сууж хичээллэх боломжтой газар бол номын сан. Тэгвэл Улаанбаатар хотод сургуулийн харьяа бус, сурагч, оюутнууд чөлөөтэй сууж хичээллэх боломжтой ямар номын сангууд байна вэ?
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Монголын Үндэсний номын сан болон Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн ажиллах цагийн хуваарь, бүртгэл болон хичээл хийх боломжийн талаар номын сангийн ажилтнуудаас тодрууллаа.
Монголын Үндэсний номын сан

Монголын Үндэсний номын сан нь төв болон салбар гэсэн хоёр байршилд үйл ажиллагаа явуулж байна. Зуны цагийн хуваарийн дагуу есдүгээр сарын 16-ныг хүртэл 09:00–17:00 цагийн хооронд ажиллана. Харин есдүгээр сарын 16-наас өвлийн цагийн хуваарьт шилжиж, ажлын өдрүүдэд 09:00–20:00 цаг хүртэл ажиллах юм. Номын санд 16-аас дээш насны иргэд иргэний үнэмлэх болон бүтэн жилийн бүртгэлийн хураамж болох 10 мянган төгрөгтэйгөөр бүртгүүлэх боломжтой.

Мөн бие даалт болон багийн ажил хийх боломжтой хоёр танхимтай. Тухайлбал, бүртгэлийн хэсэг болон гуравдугаар давхарт багийн ажил хийх зориулалтын танхим ажиллаж байна. Үүнээс гадна тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан болон гэр бүлээрээ үйлчлүүлэх боломжтой танхим байдаг байна.
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан

Д.Нацагдоржийн нэрэмжит номын сан есдүгээр сарын 16-ныг хүртэл зуны цагийн хуваариар буюу 09:00–18:00 цаг хүртэл ажиллана. Харин есдүгээр сарын 16-наас өвлийн цагийн хуваарьт шилжиж, ажлын өдрүүдэд 09:00–20:00, амралтын өдрүүдэд 10:00–19:00 цагийн хооронд ажиллах юм. Тус номын сан зөвхөн ном унших орчноор хязгаарлагдахгүй, хүүхдүүдэд зориулсан олон төрлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг байна. Тухайлбал, “Үлгэрийн цаг”, “Ойлгож уншъя”, “Номын клуб”, “Бүтээлчээр яруу урлан” зэрэг хөтөлбөр тогтмол зохион байгуулагддаг. Мөн Америкийн Соёл, мэдээллийн төвийн 12 төрлийн хөтөлбөр есдүгээр сарын 16-наас тогтмол хэрэгжих бөгөөд хөтөлбөрүүд англи хэл дээр явагдана. Номын санд биеэр ирж бүртгүүлэхээс гадна “e-Mongolia” аппликэйшнээр бүртгүүлэх боломжтой.

Бүтэн жилийн бүртгэлийн хураамж нь хүүхэд 3,000 төгрөг, насанд хүрэгчид 5,000 төгрөг, харин ахмад настан болон тусгай хэрэгцээт иргэд 2,000 төгрөг байна.
Ингээд хичээлээ хийх орчин хайж буй сурагч, оюутнууд кофе шопт заавал мөнгө зарцуулахгүйгээр номын санд тухтай сууж, бие даалт болон хичээлээ хийх боломжтой юм.
