

Нэрт зохиолчдын бичсэн гайхалтай үйл явдлаар дүүрэн адал явдалт романуудын зарим нь өөрийн гэсэн бодит дүртэй байдаг.
Даниел Дефогийн бичсэн Робинзон Крузо роман ч эдгээрийн нэг бөгөөд уг романыг нэрт зохиолч олон жил далайд аялсан шотланд эр Александр Селькиркийн аяллын түүхээс санаа аван бичжээ.
Робинзон Крузогийн бодит дүр болох Александр Селкирк нь Шотландын Ларго хотод жирийн гуталчны гэр бүлд төржээ.
Тэрээр 16 нас хүртлээ жирийн хөдөөний амьдралаар амьдарч, эцгийнхээ мэргэжлийг өвлөн авахаар бэлтгэж байсан бөгөөд гэвч түүний тайван бус зан чанар, адал явдалд дуртай байдал нь хувь заяаг нь өөр тийш нь эргүүлжээ.
1693 онд Александр Селькирк гэрээсээ зугтаж, анх тааралдсан хөлөг онгоцонд бүртгүүлж, уг хөлөг онгоцны багийн гишүүн болжээ.
Цаашилбал, 1701 он хүртэлх түүний амьдралын талаар бидэнд ямар ч мэдээлэл байхгүй бөгөөд тэрээр эдгээр он жилүүдийг эх орондоо буцаж ирэхээс өмнө худалдааны болон далайн дээрэмчдийн хөлөг онгоцон дээр Хуучин болон Шинэ ертөнцөөр аялж өнгөрүүлсэн гэж таамаглаж болно.
Селькирк эрэг дээрх амьдралыг үзэн яддаг байсан бөгөөд 1703 онд аль хэдийн туршлагатай далайчин байсан түүнийг Өмнөд Америкийн эрэг рүү экспедици хийхээр явж байсан Уильям Дампиерын флотын Сенк Пор хөлөг онгоцонд ахмадын туслахаар авчээ.
9-р сарын 11-нд тэд Кинсейлийн боомтоос гарсан бөгөөд манай баатар зөвхөн адал явдалт эрч хүчээрээ төдийгүй Селькиркийн хувь заяанд хэрцгий хошигнол болсон нэлээд хэрүүлч зан чанартай нэгэн байв.
Испаничуудтай хийсэн нэгэн тулалдааны үеэр Сенк Пор онгоц ноцтой гэмтэл авч, ахмадын туслах хөлөг онгоцыг зогсоож, засвар хийхийг шаардсан ч ахмад Томас Страдлинг юу ч болж байсан хамаагүй аль болох хурдан явах ёстой гэж үзжээ.
Тэгээд Селькирк аялалаа үргэлжлүүлэхээс эрс татгалзаж, түүнийг арал дээр буулгахыг хүссэн бөгөөд ахмад энэ хүсэлтийг нь баяртайгаар биелүүлсэн байна.
Ингээд тэрээр Чилийн эргээс 640 км зайд орших Номхон далай дахь Мас-а-Тиерра хэмээх эзэнгүй арал дээр үлджээ.
Селькирк нүцгэн гараараа амьд үлдэх шаардлагагүй байсан бөгөөд тэрээр цахиур буу, дарь, хутга, сүх, навигацийн хэрэгсэл, хээрийн тогоо, Библи зэргийг авсан байна.
Эхэндээ түүний хоолны дэглэм маш муу байсан бөгөөд тэрбээр далайн нялцгай биет идэхэд хүрч байжээ.
Гэвч тэр зэрлэг ямаа олсноор байдал арай дээрдсэн бөгөөд эхэндээ Селькирк тэднийг агнаж, дараа нь тэднийг гаршуулж, ямааг сааж сүүг нь уудаг болсон байна.
Уг арал дээр өмнө нь Испанийн колоничлогчид амьдарч байсан бөгөөд тэднийг явсны дараа хэсэг ямаан сүрэг зэрлэгшиж үлдсэн байжээ.
Цаг хугацаа өнгөрөх тусам "соёл иргэншлээс"-ээс авч үлдсэн зүйлс нь элэгдэж, ямааны арьсаар шинэ хувцас хийх шаардлагатай болсон бөгөөд азаар аавынх нь зааж өгсөн арьсан урлалын чадвар түүнд хэрэг болсон байна.
Дарины хувьд бүр ч амаргүй байсан бөгөөд түүнийг дуусахад Селькирк отолт хийж ан хийх эсвэл олзныхоо араас гүйхээс өөр аргагүй болжээ.
Мөн хүний яриаг мартахгүйн тулд тэрбээр Библийг байнга чангаар уншдаг байв.
Александр өөртөө пимент модоор хийсэн хоёр овоохой барьж, мөн хөлөг онгоц ирэхийг хүлээн далайг ажиглах ажиглалтын цэг байгуулжээ.
Нэг өдөр Испанийн хоёр хөлөг онгоц арал руу ойртож ирэхэд Селкиркийн өөрийнх нь ярьснаар тэрээр олзлогдох болон залхаан цээрлүүлэлтээс айж, арлын гүнд нуугдан, эдгээр буруу "аврагчид"-ыг хурдан явахыг хүлээжээ.
1709 оны 2-р сарын 1-нд ахмад Вудс Рожерсын удирдсан Английн "Duke" хөлөг онгоц Мас-а-Тиер арал рүү ойртож ирсэн бөгөөд чухамхүү тэд Селькиркийг тус арлаас авч явсан байна.
Эх орондоо ирээд Александр нам гүм амьдралаар амьдарч эхэлсэн бөгөөд архины мухлагуудаар байнга зочилж, эзэнгүй арал дээр хэрхэн амьдарч байсан тухайгаа дэлгэрэнгүй ярьдаг байжээ.
Удалгүй Селькирк дэслэгч цолтойгоор Хатан хааны тэнгисийн цэргийн флотод элсэж, газар дээрх амьдралаа хэзээ ч харахгүйгээр аяллаа үргэлжлүүлсэн байна.
1721 онд Александр Баруун Африкийн эрэг дагуух Кейп Агулхас хошуу руу экспедицээр явсан бөгөөд тэндээсээ буцаж ирэлгүй Веймут хөлөг онгоцон дээр нас барж, түүнийг далайд оршуулжээ.
Сонирхуулахад, Даниел Дефогийн зохиол 1719 онд буюу гол дүрийн баатар амьд байх үед хэвлэгдсэн бөгөөд өнөө цагт Мас-а-Тиерра арлыг Робинзон Крузо гэж нэрлэдэг ба мөн адил уг арлын зэргэлдээх арлыг жинхэнэ далайчин Александр Селькиркийн дурсгалд зориулан түүний нэрээр нэрлэжээ.
Ж.Батдорж
Эх сурвалж: dzen.ru
