

Сүүлийн үед батлан хамгаалах салбарт ээлж дараалан гарсан харамсалтай үйл явдлууд, тэр дундаа Батлан хамгаалахын сайд Д.Батлутын бүрэн эрхийн хугацаанд цэргүүд амь насаа алдсан ноцтой хэргүүд Монголын нийгмийг бүхэлд нь цочроогоод байна. Энэ бол зөвхөн нэг ангийн хариуцлагагүй байдал биш, батлан хамгаалах салбарын тогтолцооны ялзрал, удирдах албан тушаалтнуудын хайхрамжгүй байдлын тод илрэл юм.
УИХ дахь АН-ын бүлгээс гаргасан албан ёсны мэдээллээр сүүлийн 10 жилийн хугацаанд 46 цэрэг амь насаа алдаж, 144 цэрэг эрүүл мэндээрээ хохирсон аймшигт статистик мэдээлэл байна. Энэ бол зүгээр нэг тоо биш, ард иргэд төр засагт итгээд хүүгээ илгээсэн 46 гэр бүлийн насан туршийн хагацал, нулимс юм. Тэгвэл Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн журамт үүргээ биелүүлж, эх орноо хамгаалахаар мордсон залуус ээлж дараалан "хар хайрцагтай" буцаж ирдэг эмгэнэлт дүр зураг хэдий хүртэл үргэлжлэх вэ?
Цэргийн алба хаагч амь насаа алдсан тохиолдол бүрт салбарын яам болон Зэвсэгт хүчний жанжин штабаас болсон хэрэг явдал бүрийг "хувь хүний эрүүл мэнд", "золгүй тохиолдол" хэмээн хаацайлж, өөрсдөөсөө холдуулахыг оролддог ч ар араасаа цуврах цэргүүдийн үхэл цэргийн ангиудад тогтолцооны маш том гажиг, дарамт шахалт байгааг бэлхнээ харуулж байна. Саяхан сөрөг хүчний зүгээс цэргийн алба хаагчдын амь нас хохирсон цуврал хэргүүдтэй холбогдуулан салбарын сайдыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн ч Батлан хамгаалахын сайд Д.Батлут
"Хүний амиар улстөржлөө, Засгийн газрыг тогтворгүй болгох гэсэн акц" хэмээн хаацайлж, хариуцлагаас бултахыг оролдож байв.
Тэрээр энэ үйл явдалтай холбогдуулан хэвлэлд өгсөн ярилцлагадаа "яам, анги салбарын буруутай үйл ажиллагаа тогтоогдвол хэн ч байсан хариуцлага хүлээх ёстой" гэж мэдэгдсэн ч саяын болсон хэрэг явдал түүний удирдаж буй салбар ямар байгааг илтгэж байна.
Арчилсан, хүний эрхийг дээдэлдэг улс орнуудад батлан хамгаалах салбарт нь ганц цэрэг амиа алдахад л салбарын сайд нь ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр огцордог жишиг бий. Тэр ч байтугай манай улсад урьд өмнө нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний алдаанаас шалтгаалж Ерөнхий сайд нь өөрөө огцорч байсан түүх бий. Гэтэл өнөөдөр маш олон цэрэг амь насаараа хохирсоор байхад хувийн амбицдаа хөтлөгдөн сайдын суудлаа авч үлдэхийг хичээж буй Д.Батлут сайдын үйлдэл олон нийтийн бухимдуулж байна.
Үндсэн хуульд хүний амьд явах эрхийг хамгийн дээд үнэт зүйл хэмээн тунхагласан. Цэргийн ангид дүрмийн бус харилцаа, удирдлагуудын хариуцлагагүй байдлаас болж залуус эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа нь зөвхөн тухайн ангийн дарга нарын асуудал биш юм. Энэ бол салбарыг толгойлж, бодлогоор хангах ёстой сайдын шууд хариуцах ёстой ажлын үр дүн.
Харамсалтай нь, олон нийтийн шүүмжлэл, эсэргүүцэл өрнөх болгонд дунд шатны албан тушаалтнуудад шийтгэл оноосноор асуудлыг аргацааж, салбарын сайд нь суудлаа хадгалсаар үлддэг жишиг тогтлоо.
Ерөнхий сайд өмнө нь Зэвсэгт хүчний анги салбарт цэрэг амиа алдсан харамсалтай хэрэг гарсантай холбогдуулан "Цэрэг, армиа айдсаас чөлөөлье реформыг эхлүүлнэ. Буруутай хэнд ч болов хариуцлага тооцно" хэмээн мэдэгдсэн ч энхийн цагт цэрэг амиа алддаг энэ байдал давтагдсаар байна. Тэр үүднээсээ Ерөнхий сайд хэлсэн үгэндээ эзэн болж салбарын сайдад ёс зүйн хариуцлага хүлээлгэн, Д.Батлут сайдыг огцруулах алхмыг зоригтой хийх цаг нь болсон. Мөн энэ бүх үйл явдалтай холбогдуулан олон нийтийн зүгээс ч Д.Батлут сайдыг албан тушаалаасаа огцрохыг шаардсаар байна.
Ж.Батдорж
