

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2026.09.07/-ийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ. Энэ үеэр Сангийн сайд З.Мэндсайхан дараах мэдээллийг өглөө.
Сангийн сайд З.Мэндсайхан: "Боловсрол, эрүүл мэндийн салбарынхны цалинг нэмсэн ч зардлыг нь төсөвтөө тусгаагүй. Засгийн газар үйл ажиллагааны зардлаа танаж цалинг нь олгож байсан. Мөн төрийн үйлчилгээний салбарынхны цалинг нэмээгүй. Тиймээс энэ салбарын цалинг нэмэх шийдвэрийг гаргаж 80.1 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд суулгасан. Тодотгол хийхэд хамгийн их нөлөөлж байгаа асуудал бол гадаад орчны нөхцөл байдал байгаа. Шатахуун, эрчим хүчний хомсдол манай эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна.
Энэхүү тодотголыг баталснаар 11-р сарын 1-ээс дундаж тэтгэвэр 1.3 сая болно.
Төсвийн зарлагын 1,4 их төгрөгийн нэг их наяд орчим нь цалин, тэтгэврийн нэмэгдэлд зарцуулагдана.
Үлдсэн мөнгийг эрэлт, нийлүүлэлт, нөөц бүрдүүлэлт хийх шаардлага үүсч байгаа хөдөө аж ахуй болон уул уурхайн салбарт 150 орчим тэрбум төгрөгийг зарцуулахаар тооцсон. Мөн өвлийн ид ачааллын үед эрчим хүчний салбарт шаардлагатай засвар, шинэчлэлтэд 200 орчим тэрбум төгрөгийг зарцуулна. Сургууль, цэцэрлэг эхэлсэнтэй холбоотойгоор 48-аас дээш хүүхэдтэй 1080 сургууль байгаа. Үүний ачааллыг бууруулахын тулд тодорхой төсөв зарцуулж, ачааллыг бууруулахаар төсвийн тодотголд тусгасан” гэв.
