m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
8 цагийн дараа
53
Эдийн засгийн суурь гажуудлыг засахгүйгээр цалинг хэдэн ч удаа нэмээд нэмэргүй

Эрх баригчдын амнаас хамгийн их унадаг, иргэдийн чихэнд хамгийн чимэгтэй сонсогддог хоёр гоё амлалт байдаг. Тэр нь "Үнийг хүчээр барих" болон "Цалин, тэтгэврийг нэмнэ" гэх лоозон юм. Энэ нь гадна талаасаа ядуурал, үнийн өсөлттэй тэмцэж буй мэт харагддаг ч эдгээр шийдвэрүүд нь угтаа иргэдийн бодит зардлыг бууруулж чаддаггүй эдийн засгийг улам бүр туйлдуулдаг популист арга юм.  

Эрх баригч намын зүгээс эдийн засгийн нөхцөл байдал, инфляц өндөр байгаатай холбоотойгоор төсвийн тодотгол хийж байна. Үүнийгээ тэд иргэдийн орлогыг дэмжсэн, амьжиргааг дээшлүүлсэн томоохон алхам хэмээн сурталчилж буй. 

Өнгөрсөн хугацаанд Монгол улсын эдийн засаг тодорхой хэмжээнд өссөн ч бодит байдал дээр дундаж өрхийн амьдралд наалдсан зүйл байхгүй.  

Цалингийн нэмэгдлийг инфляци, үнийн өсөлт хоёр аль хэдийнэ залгичихсан тул иргэдийн бодит худалдан авах чадвар урьдынхаасаа ч дордсон дүр зураг ажиглагдах болсон. Энэхүү гажуудлын гол шалтгаан нь макро эдийн засгийн суурь бодлого буруу, тогтворгүй байгаатай шууд холбоотой.

Эдийн засгийн ухаанд бүтээмжийн өсөлтөд тулгуурлаагүй, зөвхөн мөнгөний нийлүүлэлтийг нэмэх замаар хийгдсэн цалингийн өсөлт нь эргээд инфляцийг хөөсрүүлэх үндсэн нөхцөл болдог гэж үздэг. Тэгвэл өнөөдөр манайд яг энэ дүр зураг өрнөж байна.

Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, төсвийн үр ашиггүй зардлыг танах зэрэг бүтцийн шинэчлэлийг хийлгүйгээр зөвхөн цалингийн тоог өсгөх нь зах зээл дээрх бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөх дохио болж хувирна.

Дэлгүүрийн лангуун дээрх хүнсний бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа, орон сууцны түрээс, үйлчилгээний үнэ цалинтай уралдан өсөж байгаа нөхцөлд иргэн таны дансанд хэдэн төгрөг нэмэгдэж орж ирэх нь ямар ч ач холбогдолгүй.

Нөгөөтэйгүүр, төсвийн үрэлгэн бодлого болон мөнгөний сул бодлогын зохиомол уялдаа нь үндэсний валютын худалдан авах чадварыг тасралтгүй сулруулж байна. Цалин нэмэгдсэний маргаашнаас эхлэн төгрөгийн үнэ цэнэ унаж, импортын барааны үнэ хэд дахин өсдөг жишиг тогтлоо.

Бодлого тодорхойлогчид үнийн өсөлтийн суурь шалтгаан болох монополь тогтолцоо, ложистикийн гацаа, татварын дарамтыг шийдвэрлэхийн оронд гал унтраах төдий арга хэмжээ авч байгаа нь эдийн засгийг улам бүр туйлдуулж байна. Үүний үр дүнд өнөөдөр дундаж давхарга үгүй болж, цалингаас цалингийн хооронд амьдардаг иргэдийн амьдрал улам бүр баталгаагүй болсоор байна.

Дүгнэж хэлэхэд, эдийн засгийн бодлогын суурь гажуудлыг засахгүйгээр цалингийн хэмжээг хэд дахин өсгөөд ч иргэдийн амьдралд гэрэл гэгээ тусахгүй. Бидэнд бэлэн мөнгөөр хуурах бус, үнийг тогтворжуулах, төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалах, бизнесийн орчныг чөлөөлөх бодит реформ ус агаар мэт үгүйлэгдэж байна.

Хэрэв энэ мэт бодлогын алдаагаа цалингийн нэмэгдлийн ард нуудаг популист шийдвэрүүд үргэлжилсээр байвал хэтэвч дүүрэн мөнгөтэй ч, хоосон лангууны өмнө зогсох гунигт ирээдүй биднийг угтсаар байх болно.

Ж.Батдорж