Нийгэм
7 цагийн дараа
84
Цэцэрлэгийн хүүхдийн хоолны төсөв: 4,000 төгрөгөөр хүүхдэд юу өгдөг вэ?

Хичээл, сургуулийн шинэ жил эхэлж, цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол хүнсний асуудал эцэг, эхчүүдийн анхаарлыг дахин татаж байна. Тэр дундаа хүүхдүүдэд “усан шөл”, “таван цулын” хоолоор хоол хийж өгсөн гэх мэдээлэл олон нийтийн дунд маргаан дагуулаад буй. Тэгвэл улсын цэцэрлэгт сурдаг нэг хүүхдийн нэг өдрийн хоолны төсөв хэд вэ? Энэ мөнгөөр хүүхдүүдэд ямар хоол хүнс хүрдэг талаар улсын 100-аар цэцэрлэг дээр очиж тодруулгыг авлаа. 

Одоогийн байдлаар нэг хүүхдийн нэг өдрийн хоолны төсөв 4,000 төгрөг байна. Харин 2025 онд энэ дүн 2,650 төгрөг байсан бөгөөд улсаас 350 төгрөг нэмж, үлдсэн 1,000 төгрөгийг эцэг, эхчүүдээс авч байгаа аж. Эцэг, эхчүүдийн төлдөг 1,000 төгрөгийг хүүхдийн ирцтэй уялдуулан тооцдог байна. Тухайлбал, хүүхэд тухайн сард 10 өдөр цэцэрлэгтээ ирсэн бол 10,000 төгрөг төлнө. Энэхүү мөнгийг хүүхдийн өдөрт авах шаардлагатай жимс, жимсгэнэ болон хүнсний ногооны хэрэгцээг хангахад зарцуулдаг.

Учир нь хүүхдийн физиологийн онцлогт тохирсон хоол тэжээлийн нормд махны хэмжээг тодорхой хэмжээгээр тооцдог бөгөөд нэг хүүхдэд олгох махны хэмжээ 70-80 грамм байхаар тогтоосон байна. Энэ хэмжээ өмнөх хоолны төсөв дээр ч энэ хэвээр байсан. Харин хүүхдийн өдөрт авах ёстой жимс, хүнсний ногооны хэрэгцээг зөвхөн улсын төсвийн хоолны зардлаас бүрэн хангах боломжгүй байгаа учраас эцэг, эхийн төлбөрөөр нөхөж байгаа аж. Ингэснээр цэцэрлэгийн хүүхдийн хоолны нийт төсвийн 25 орчим хувийг эцэг, эхчүүд, үлдсэн хэсгийг улсын төсөв хариуцаж байна.

Энэ жилээс нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн цэцэрлэгүүд нэгдсэн цэсээр үйлчлэх зохицуулалтад шилжжээ. Нийслэлийн нэгдсэн цэс наймдугаар сарын 17-нд цэцэрлэгүүдэд албан бичгээр хүрсэн ч наймдугаар сарын 21-нд дахин шинэчлэгдсэн байна. Гэвч цэцэрлэгүүд эхний долоо хоногийн хүнсний захиалгаа наймдугаар сарын 17-нд ирсэн цэсийн дагуу урьдчилан хийсэн учраас одоогийн байдлаар 17-ны өдөр ирүүлсэн менюгээр хоолыг бэлтгэж байна.  Цэцэрлэгийн хүүхдүүд өдөрт нийт таван удаа хөнгөн цай болон хоол хүнс хэрэглэдэг. Хоол үйлдвэрлэлд шаардлагатай хүнсний бүтээгдэхүүнийг тендерийн сонгон шалгаруулалтаар нийлүүлэгчдээс захиалан авдаг байна.

Гэхдээ хүүхдийн хоолтой холбоотой өөр нэг асуудал нь бэлэн боорцог, худалдааны шүүс өгч байна гэх эцэг, эхчүүдийн гомдол юм. Цэцэрлэгийн зүгээс үүнийг тайлбарлахдаа 500 гаруй хүүхдийн хоолыг өдөр бүр үйлдвэрлэхийн зэрэгцээ нарийн боовыг газар дээр нь хийхэд хүний нөөцийн хувьд хүндрэлтэй байдаг гэдгийг хэлж байна.

Өөрөөр хэлбэл, цэцэрлэгүүд ажиллах хүчний дутагдалтай нөхцөлд үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Мөн энэ жилийн нэгдсэн цэсэнд гэдэс дотор орсон хоолны нэр төрөл багтсан байна. Үүний дагуу цэцэрлэгийн зүгээс зүрх зэрэг дотор махыг тусгайлан захиалж, машиндан боловсруулж, хүүхдийн хоолонд ашиглаж байгаа гэдгийг хэллээ.