М.Нансалмаа
Сэтгүүлч
Нийгэм
2026.09.08 09:33
452
Оюутолгойн гүний уурхайд зургаан цаг гацсан ажилчдын бодит нөхцөл байдал

Энэ сарын 3-ны өдөр Оюутолгойн гүний уурхайд газрын гадарга руу гарахаар өргүүрт суусан 61 ажилтан 1226 метрийн гүнд зургаан цагийн турш гацсан гэх мэдээлэл гарсан. Ингэхдээ агааржуулалт болон усаар бүрэн хангасан гэх мэдээллийг бидэнд өгч байлаа. Гэвч бодит байдал дээрээ нэг ч ус өгөөгүй. Агааржуулалтгүй маш хүнд байдалд байсан гэдгийг цахилгаан шатанд гацсан хүмүүс бидэнд мэдэгдэж байгаа.

Тэдний мэдээлж байгаагаар “өргүүрээс гарах боломжгүй байсан тул хамгаалах байр луу очих боломжгүй, анхны аврах тусламж ирэх хүртэл усгүй байсан” гэлээ. Нэрээ нууцалсан эх сурвалжаас бид дараах байдлаар тодрууллаа.

 Өргүүрт нийтдээ хэдэн хүн байсан бэ, өргүүр юунаас болж гацсан бэ?

- Есөн сарын 3-ны өдрийн орой 18:00 цагийн орчимд ээлжээсээ буугаад газрын гадарга руу гарахаар өргүүрт суусан. Нийт 61 хүн байсан. Өргүүр хоёр давхар ба эхний давхарт нь 30 хүн, хоёрдугаар давхарт 31 хүн байсан. Цахилгаан тасарсны улмаас лифт гацсан.

Цахилгаан тасармагц та бүхэнд ямар нэг мэдээлэл өгсөн үү?

- Тог тасарсан талаар станцаар мэдээлэл ирсэн. Нөөц эх үүсвэрийг залгасан. Гэхдээ нөөц эх үүсвэр ажилласны дараа өргүүрийн компьютер дээр алдаа гарсан юм билээ. Тэр алдааг засах гэж 6 цагийн турш ажилласан гэж компаниас хэлсэн.

Гацах хугацаанд лифтэн доторх зай болон агааржуулалт, усны хангамж ямар байсан бэ?

-Маш хүнд байсан. Бид гүний уурхайд ажилладаг болохоор бүгд бүрэн өмсгөл хувцастай, касктай байсан. 61 хүн хоёр давхар өргүүрт маш бага зайд байсан.  Анхны аврах тусламж ирэх үед л анх удаа ус ирсэн.

Босоогоороо суух ч боломжгүй чигжсэн байдалтайгаар зургаан цагийн турш байсан. Ус өгснөөс хойш ойролцоогоор 20 минутын дараа эвдрэлийг засаж, хүмүүсийг гаргасан.

Оюутолгой компанийн зүгээс “усгүй, агааржуулалтгүй зургаан цаг байсан гэх мэдээлэл худал. Хамгаалах байрууд байдаг, тэнд агааржуулалт сайтай, усны нөөцтэй” гэж тайлбарласан. Тэр хамгаалах байр байгаагүй юу?

-Хамгаалах байр байдгийг бид мэднэ. Гэхдээ бид өргүүрт гацчихсан байсан. Өргүүрээс гарах боломжгүй байхад хамгаалах байр луу яаж очих юм бэ? Хамгаалах байр байгаа гэдэг нь өргүүр дотор гацсан 61 хүн тэнд очоод ус ууж, сэрүүхэн агаарт байсан гэсэн үг биш. 1226 метрийн гүнд 61 хүн өргүүр дотор зургаан цаг байна гэдэг өөрөө маш хүнд нөхцөл.

Компанийн зүгээс “агааржуулалт хэвийн байсан” гэж хэлж байгаа. Гэхдээ бидний мэдэрсэн нөхцөл өөр байсан.

Та бүхэнд ослын үед хэрэглэх амь хамгаалах төхөөрөмж байдаг гэсэн. Тэрийг ашиглаагүй юу?

- Байдаг. Амь хамгаалах баг байгаа. Ослын үед хүчилтөрөгчөөр хангах зориулалттай, бүснээс зүүдэг, ойролцоогоор 2.5 килограмм жинтэй. Гэхдээ энэ нь зургаан цагийн турш тасралтгүй хэрэглэх зориулалттай төхөөрөмж биш. Бид зургаан цагийн турш тэр төхөөрөмжтэйгөө, бүрэн хувцастайгаа, зайгүй орчинд байсан.

Тэр хугацаанд хүмүүсийн биеийн байдалд өөрчлөлт гарсан уу?

-Яг тэр үед ухаан алдаж унасан хүн байгаагүй. Гэхдээ нөхцөл байдал маш хүнд байсан.

Биднийг лифтнээс гаргах үед эрүүл мэндийн аврах баг бэлэн байсан. Даралт үзэх гэх мэт шаардлагатай арга хэмжээнүүдийг авсан. Дараа нь уурхайн эмнэлэгт үзүүлж, сэтгэлзүйчтэй уулзсан.

Энэ үйл явдлын дараагаар компанийн зүгээс ажилчиддаа эрүүл мэндийн нөхөн олговор, цалин мэт зүйлийг олгосон уу?

- Хоёр хоног ажиллуулаагүй. Тэр хоёр хоногийн цалинг бүрэн олгосон. Мөн уурхайн эмнэлэгт үзүүлж, сэтгэлзүйчтэй уулзсан. Хэрэв шаардлагатай гэж үзвэл эмнэлэгт үзүүлж болно гэсэн. Гэхдээ тэр хугацааны цалинг бүрэн хэмжээгээр бодохгүй, ердийн найман цагийн ажлын өдрөөр тооцно, илүү цагийг тооцохгүй гэж хэлсэн.

Энэ үйл явдлаас юуг хамгийн түрүүнд шалгаж, тодруулах ёстой гэж та бодож байна?

- Бодит байдал дээр юу болсон бэ гэдгийг л шалгах хэрэгтэй. Бид 1226 метрийн гүнд 6 цагийн турш өргүүр дотор гацсан байсан. Хамгаалах байр луу орж чадаагүй. Тиймээс “хамгаалах байр байсан” гэдгээр асуудлыг дуусгах биш, өргүүр дотор байсан 61 хүний бодит нөхцөл ямар байсан бэ гэдгийг шалгаж өгөх хэрэгтэй.

Энэ үйл явдлын талаар талуудын тайлбар ийнхүү зөрж байна. Оюутолгой компанийн зүгээс гүний уурхайд хамгаалах байр, агааржуулалт, усны нөөц байсан гэж тайлбарлаж байгаа бол өргүүрт гацсан ажилтан эдгээр нөхцөл нь тухайн үед өргүүр дотор байсан 61 ажилтанд бодитоор хүртээмжтэй байгаагүй гэж мэдээлж байна.

Тиймээс 61 ажилтан зургаан цагийн турш ямар нөхцөлд байсан, ус хэзээ хүрсэн, аврах ажиллагаа яагаад ийм удаан үргэлжилсэн, өргүүрийн системийн алдаа юунаас болсон зэрэг асуудлыг бодитоор шалгаж олон нийтэд мэдээлэх шаардлагатай байна.

Манай редакц дээрх асуудлаар талуудын байр суурийг үргэлжлүүлэн тодруулж хүргэх болно.