

Өнөөдөр манай нийгэмд хэн дуртай, хөрөнгө мөнгөтэй эсвэл олон нийтийн сүлжээнд хандалт өндөртэй бол төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-д нэр дэвшиж, сонгогдох боломж нээлттэй байна. Монгол Улсын Үндсэн хуулиар 25 нас хүрсэн, эрх зүйн чадамжтай иргэн бүр УИХ-д сонгогдох эрхтэй. Энэ нь нэг талаар ардчилсан нийгмийн суурь зарчим боловч улс орны хувь заяаг шийдэх хууль тогтоох байгууллагад мэргэжлийн болон ёс зүйтэй, мэдлэгтэй боловсон хүчин дутагдах гол шалтгаан болоод байна.
УИХ-ын гишүүн гэдэг бол зүгээр нэг нэр хүндтэй албан тушаал биш, улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлдог, олон улсын гэрээ хэлэлцээрийг соёрхон баталдаг, хууль тогтоодог хамгийн хариуцлагатай ажил. Тиймээс УИХ-ын гишүүн болох хүмүүст хуулиар маш өндөр шалгуур тогтоодог болох зайлшгүй шаардлага бий болоод удаж байна.
Мөн төрийн хууль гэдэг бол тухайн улсын ирээдүйг чиглүүлэх хамгийн чухал баримт бичиг байдаг. Гэтэл хууль гэж юу болох, түүнийг хэрхэн боловсруулах, эдийн засаг, нийгэмд ямар нөлөө үзүүлэхийг уншаад ойлгох хэмжээний суурь мэдлэггүй хүмүүс өнөөдөр УИХ-ын танхимд суусаар байна.
Мэдээж төрийн өндөр албан тушаалд ямар ч мэдлэг чадваргүй хүмүүс суусаар байвал тэндээс гарах төрийн бодлого, хууль ямар ч чанаргүй, амьдралаас тасархай байх нь ойлгомжтой.
Хамгийн энгийн жишээ хэлэхэд өнөөдөр Монгол Улсын Их Хуралд С.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан, Ч.Лодойсамбуу, М.Нарантуяа нара зэрэг боловсрол нимгэнтэй гишүүд хууль батлалцаж байна.
Энд нэр нь дурдагдаж байгаа С.Ганбаатар л гэхэд ямар ч их сургууль төгсөөгүй хэрнээ сурч байсан сургуулиудаа сургууль "төгссөн мэт"-ээр танилцуулдаг.
Тэр үүднээсээ УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хамгийн багадаа дээд боловсролтой байх, улмаар хууль эрх зүй, гадаад хэл, эдийн засаг, улс төр, нийгмийн ухааны чиглэлээр мэргэшсэн эсвэл тухайн салбартаа танигдсан байх шаардлагатай байна.
Үүний зэрэгцээ улс орныг удирдах жолоог атгалцах хүн өмнө нь ямар нэг салбарт үр бүтээлтэй ажилласан, удирдлагын түвшний туршлагатай байх хэрэгтэй.
Тийм болохоор УИХ-ын гишүүн болохоор нэр дэвшиж буй хүмүүст төрийн албанд эсвэл хувийн хэвшилд хамгийн багадаа 5-аас доошгүй жил удирдах албан тушаал хашиж, бодит шийдвэр гаргаж байсан туршлагатай хүмүүсийг нэр дэвшүүлдэг баймаар байна.
Мөн өнгөрсөн хугацаанд УИХ-д сонгогдож байсан хүмүүсийг харвал авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байсан, шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон, эсвэл нийгэмд ёс зүйн ноцтой алдаа гаргаж байсан тийм хүмүүс цөөнгүй байсныг хэлэх хэрэгтэй.
Тухайлбал Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр шүүхээс түүнийг цагдан хорих шийдвэр гарч, цагдан хоригдож байсан ч тэрээр шоронгоос УИХ-ын гишүүнээр сонгогдож байв.
Тухайн үед тэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран үйлдсэн гэх зүйл ангиар яллагдаж байсан бөгөөд түүнийг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт талбай нь давхцсан тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох нэрийдлээр, Засгийн газрын тогтоол гаргаж шинээр уул уурхайн лиценз олгосон гэж буруутгаж байв.
Тэр утгаараа ийм гэмт хэргийн намтар бүхий хүмүүсийг УИХ-д нэр дэвших эрхийг нь шууд хязгаарладаг болох хэрэгтэй байна.
Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад төр түших хүмүүсийг маш нарийн шүүлтүүрээр оруулдаг. Жишээ нь, Сингапур, Скандинавын зарим орнуудад хууль тогтоох дээд байгууллагын гишүүдэд тавигдах ёс зүйн шаардлага дэлхийд хамгийн өндөрт тооцогддог.
Тэнд авлига, албан тушаалын хэрэг байтугай, төрийн картаар хувийн шоколад худалдаж авахад л улс төрчийн карьер нь бүрмөсөн дуусдаг бичигдээгүй хуультай. Төрийн түшээд нь ард түмэнтэйгээ ижил түвшинд амьдарч, ямар нэгэн халдашгүй эрхгүйгээр зөвхөн хуулийн дор ажилладаг.
Гэтэл манайд эсрэгээрээ, хуулийн төсөл уншаад эдийн засагт үзүүлэх нөлөөллийг нь тооцож чадахгүй "мэргэжлийн бус" хүмүүс, эсвэл сошиал медиагийн хандалтаар олон нийтийг төөрөгдүүлсэн популистууд хууль тогтоож байна.
Өнөөдөр Монгол төрийн сэнтий бол гэмт хэрэгтнүүдийн орогнодог газар биш. Харин ард түмний эрх ашгийг хамгаалах, шударга ёсыг тогтоох ариун газар байх ёстой. Тэр утгаараа ард түмний төлөөлөл болох хүн ёс суртахууны хувьд цэвэр, ариун байх ёстой.
Тийм болохоор УИХ-ын гишүүдийг сонгохдоо цаашдаа сонгогчдын боловсролд найдах биш, төрийн босгыг анхнаас нь өндөр, чанартай болгож хуульчлах нь Монгол улсын төрийн чухал бодлого болоод байна.
Ж.Батдорж
