Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2026.09.08 12:12
238
Хуучин хувцас залуусын “COOL” сонголт болж байна уу?

“Хуучин” гэх тодотголтой хувцсыг өмсөхөөс эмээдэг байсан үе өнгөрч, харин ч өвөрмөц загвар боломжийн үнэ, дахин ашиглах хэрэглээг эрхэмлэсэн залуусын сонголт болж байна. Улаанбаатарын худалдааны төвүүд болон цахим орчинд thrift shop-ууд олширч, хуучин хувцасны эрэлт ч нэмэгдэх болсон. Тэгвэл залуус яагаад шинэ хувцас сонгохоос илүүтэйгээр thrift shop-ыг зорих болов. Энэ нь зөвхөн үнийн асуудал уу, эсвэл хэрэглээний соёл өөрчлөгдөж буйн илрэл үү? Загварын салбарын “fast fashion” (хурдан хаягддаг хувцас) дэлхийн хамгийн их ус бохирдуулдаг 2 дахь том салбар юм. Тренд дагаж хурдан үйлдвэрлэгдээд, төд удалгүй хог дээр хаягддаг хувцаснууд нь хүлэмжийн хийн 10 хувийг ялгаруулж, усны нөөцийг асар ихээр бохирдуулдаг.

Нэгэн жишээ дурдахад, ердийн нэг жинсэн өмдийг үйлдвэрлэхэд ордог ус нь нэг хүний долоон жилийн ундны устай тэнцдэг байна.

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн мэдээлснээр дэлхий даяар жил бүр ойролцоогоор 92 сая тонн хувцас, текстиль буюу нэхмэлийн хаягдал үүсдэг бөгөөд секунд тутамд нэг хогны машин дүүргэхээр хэмжээний хувцас хогийн цэгт хаягддаг эсвэл шатаагддаг байна. Сүүлийн 15 жилд дэлхийн хувцасны үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдсэн ч нэг хувцсыг өмсөх хугацаа 36 хувиар буурчээ. Энэ нөхцөлд хуучин хувцсыг дахин ашиглах, дахин худалдаалах нь хувцасны хэрэглээг илүү эргэлтэд оруулах нэг боломж гэж үзэж байна.

Монгол залуучууд: “Дэлгүүрээс 100 мянган төгрөгөөр ганцхан шинэ цамц авах мөнгөөр Thrift shop-оос 3-4 өөр төрлийн өвөрмөц хувцас сонгож авч чаддаг.”

Thrift shop-ын үйлчлүүлэгч Р.Ууганбаяр: “Анх энгийн дэлгүүрийг бодвол үнэ нь хямд учраас орж үйлчлүүлж байсан. Хэрэгцээт бараагаа харж байгаад авдаг. Нэг футболка, пальто авч байсан. Хүмүүс өөрсдөө гараар хийсэнэд зүйлс, цацагтай гэх мэт янз бүрийн өвөрмөц, сонирхолтой зүйлс олон байдаг ч би энгийн хэрнээ чанартайг нь сонгож авдаг. Гадуур зарагддаг хятадын бараануудаас чанар хавь илүү. Гэрийнхэн маань ‘комиссын’ бараа гээд дургүй байдаг ч би мухар сүсэггүй учир юм боддоггүй. Харин ч байгальд ээлтэй хэрэглээний нэг хэлбэр.” гэж ярилаа.

М.Бархас: “Хуучин хувцас өмсөх нь ичмээр зүйл биш, өөрийн гэсэн өвөрмөц хэв маягийг бүтээж байгаа ‘COOL’ залуусын сонголт болсон.”

Ч.Санчирмаа: “Анх Thrift shop-р үйлчлүүлэх болсон шалтгаан мэдээж байгальд ээлтэй original зарагддагаасаа хямдхан байдаг. Миний сонирхдог ‘vintage’ хувцаснууд их олддог. Бага байхад ‘хүний хуучин хувцас өмсөж болохгүй’ гэж захидаг байсан болохоор анх эвгүй санагддаг байсан. Одоо бол санхүүд ч, байгальд ч  ээлтэй гэдэг утгаараа сонгох дуртай болсон.” гэв.

Б.Ариунжаргал