Ажлын хүрээнд Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Алтанбулаг дахь гаалийн салбар лаборатори, Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн лаборатори, Сэлэнгэ аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн Итгэмжлэгдсэн сорилтын лаборатори, Дархан-Уул аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн Сорилтын лабораторийн үйл ажиллагаатай тус тус танилцаж, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах асуудлаар холбогдох албан хаагчидтай санал солилцов.
- Алтанбулаг дахь гаалийн салбар лаборатори нь импорт, экспортын бараа бүтээгдэхүүний найрлага, шинж чанарыг тодорхойлох, хүнсний чанар, аюулгүй байдал, мал, амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүний хорио цээрийн үзүүлэлтэд шинжилгээ хийдэг бөгөөд 57 нэр төрлийн бүтээгдэхүүнд 354 үзүүлэлтээр магадлан шинжилгээ хийх боломжтой байна.
- Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн лаборатори нь мал, амьтны гоц халдварт, болон бусад өвчнийг илрүүлэх, оношлох, оношийг баталгаажуулахын зэрэгцээ мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн магадлан шинжилгээ хийж байна.
- Сэлэнгэ аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн Итгэмжлэгдсэн сорилтын лаборатори нь хүнс, ундны ус, ахуйн химийн бүтээгдэхүүн, хөрс, ургамлын гаралтай бүтээгдэхүүнд хими, хор судлал, нян судлал, ургамлын үр, хорио цээрийн чиглэлээр сорилт шинжилгээ хийдэг. Тус лаборатори жилд дунджаар 1,900-3,000 дээжид 6-12 мянга гаруй үзүүлэлтээр шинжилгээ хийж байна.
-Дархан-Уул аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн Сорилтын лаборатори нь хими, хор судлал, эрүүл зүйн нян судлал, таримал ургамлын үр, хорио цээрийн чиглэлээр ажилладаг бөгөөд 112 нэр төрлийн бүтээгдэхүүний 560 үзүүлэлтээр сорилт шинжилгээ хийх хүчин чадалтай.
Лабораториуд нь өөр өөрийн салбар, чиг үүргийн хүрээнд хүнсний аюулгүй байдал, мал, амьтны эрүүл мэнд, ургамлын хорио цээр, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байна.
Гэвч лабораториудын шинжилгээний зарим чиглэл давхцахын зэрэгцээ тоног төхөөрөмж, хүний нөөц, урвалж бодисын хангамж, шинжилгээ хийх хүчин чадал харилцан адилгүй байна. Тухайлбал, зарим лаборатори өндөр хүчин чадлын тоног төхөөрөмжөөр хангагдсан байхад зарим лабораторид хүний нөөц, урвалж бодисын хүрэлцээ болон тоног төхөөрөмжийн нөхцөлөөс шалтгаалан тодорхой төрлийн шинжилгээ хийх боломж хязгаарлагдмал байна.
Иймд лабораториудын үйл ажиллагааг салбар тус бүрээр нь авч үзэхээс илүүтэй улсын хэмжээнд чиг үүрэг, хүчин чадал, тоног төхөөрөмж, хүний нөөц, шинжилгээний төрөл, итгэмжлэлийн хүрээг нэгдсэн байдлаар зураглаж, лаборатори хоорондын уялдаа холбоо, мэдээлэл солилцоог сайжруулах шаардлагатай байна.
Цаашид Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй лабораториудыг нэгдсэн бодлого, стандарт, мэдээллийн сан, чанарын удирдлагын хүрээнд уялдааг хангахад бодлогын судалгаа, дүн шинжилгээ хийхээр төлөвлөж байна.