Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
3 цагийн дараа
127
Монголын Хүүхдийн ордон хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ

Монголын Хүүхдийн ордны 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ихбаяр болон холбогдох албаны төлөөлөл оролцлоо.

Монголын Хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа “Монголын Хүүхдийн ордон нь байгуулагдсанаас хойш 68 жилийн хугацаанд үе үеийн хүүхэд багачуудын мэдлэг боловсрол, авьяас чадварыг хөгжүүлэх чухал орчин болж ирсэн билээ. Энэ хугацаанд 160 мянга гаруй хүүхэд Хүүхдийн ордны дугуйлан, секцэд хамрагдан төгссөн бөгөөд хүүхэд, өсвөр үеийнхний хөгжил, төлөвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байна” гэв. Түүнчлэн хүүхэд багачуудын спорт, урлаг, соёлын чиглэлээр хичээллэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Мазаалай” хүүхдийн спорт цогцолборын  бүтээн байгуулалтыг 2026 онд эхлүүлсэн бөгөөд ирэх оны Хүүхдийн баяраар ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг танилцууллаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхэд багачууд, багш, ажилтнуудад хандан хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж, хүүхэд бүрийг эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, өөртөө итгэлтэй иргэн болгон төлөвшүүлэх нь төрийн бодлогын тэргүүлэх зорилтын нэг гэдгийг онцлов. Түүнчлэн спорт цогцолборыг “Мазаалай” хэмээн нэрлэсэн нь хүүхэд багачуудын хүсэл мөрөөдөл, тэмүүлэл, тэсвэр тэвчээр, зорилгодоо хүрэх тууштай хичээл зүтгэлийг бэлгэдсэн гүн утга агуулгатайг онцолж, тус цогцолбороос спорт, урлаг, соёл, боловсролын салбарын ирээдүйн аваргууд, шилдэг төлөөлөл төрөн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.


Мөн эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, хүүхэд багачуудын хөгжил, боловсрол, хүмүүжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Монголын Хүүхдийн ордны багш, алба хаагчдад төрийн дээд одон, медаль гардуулав. Энэ үеэр Монголын Хүүхдийн ордонд Их эзэн Чингис хааны эш хөргийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу хүндэтгэлтэйгээр заллаа. Эш хөргийг залах нь Монголын түүх, төрт ёс, өв соёлоо эрхэмлэн дээдлэхийн зэрэгцээ Их эзэн Чингис хааны түүхэн үйл хэрэг, төрт ёсны үнэт зүйл, билэг сургаалийг хүүхэд, өсвөр үеийнхэнд таниулан сурталчлах, эх оронч үзэл, үндэсний ухамсрыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НИТХ-ын дарга Д.Ихбаяр нар хүүхэд, багачуудын хөгжил, эрүүл мэнд, спортын оролцоог дэмжих зорилготой “Мазаалай” хүүхдийн спорт цогцолборын барилгын ажлын явцтай танилцлаа. Тус цогцолбор ашиглалтад орсноор спортын 14 төрлийн дугуйлан, секц хичээллэх боломж бүрдэх бөгөөд жил бүр 7,000 гаруй хүүхэд сургалтад хамрагдана. Мөн 40,000 гаруй хүүхэд, өсвөр үеийнхэн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх орчин нөхцөл бүрдэх юм.