

Монгол Улс геополитикийн хувьд ОХУ болон БНХАУ гэсэн хоёрхон улстай хиллэдэг өвөрмөц байршилтай. Энэхүү газар зүйн өгөгдөл нь манай улсын гадаад харилцаа, эдийн засгийн аюулгүй байдалд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж ирсэн.
Гэвч орчин үеийн дэлхий дахины тогтворгүй байдал, геополитикийн хуваагдал нь Монгол Улсыг хоёр хөршөөсөө хэт хамааралтай байхын эрсдэлийг улам бүр сануулсаар байна. Тэр үүднээсээ бидэнд үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн дархлаагаа хамгаалахын тулд энэхүү хамаарлыг шат дараатайгаар бууруулах түүхэн шаардлага тулгарч байна.
Өнөөдөр Монгол Улс стратегийн чухал салбар болох эрчим хүч, шатахууны хувьд хойд хөршөөс бараг бүрэн хамааралтай байна.
Манай улсын нийт автобензин, дизель түлшний хэрэглээний 90 гаруй хувийг ОХУ-ын "Роснефть" компани дангаараа нийлүүлдэг. Хэрэв хойд хөршид техникийн саатал үүсч, эсвэл улс төрийн шийдвэр нөлөөлвөл манай улсын дотоод амьдралыг тэр чигт нь зогсоох аюултай.
Тийм учраас энэ байдлаас гарахын тулд манай улс дотоодын сэргээгдэх эрчим хүчний мега төслүүдийг яаралтай хөдөлгөж, Эрдэнэбүрэнгийн УЦС, Дорноговьд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг стратегийн чухал төслүүдээ урагшлуулах шаардлагатай байна.
Мөн өнөөдөр манай улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болох уул уурхайн экспортын 90 орчим хувь нь зөвхөн урд хөрш рүү гарч байна.
Хэрэв урд хөршийн эдийн засгийн өсөлт саарах, эсвэл хилийн боомтуудад хязгаарлалт тогтоох үед манай улсын төсөв шууд хямардаг. Цар тахлын үеэр урд хөрш хилээ хаахад Монголын эдийн засаг хүнд цохилтод орсон нь үүний тод жишээ юм.
Мэдээж бид хоёр хөрштэйгөө муудалцлаа гээд хаашаа ч хөдлөх боломжгүй. Тийм учраас найрсаг харилцаагаа хадгалахын зэрэгцээ хамаарлаа бууруулахын тулд өөрсдийн бүх нөөц бололцоог тултал нь ашиглах хэрэгтэй.
Тийм учраас манай улс эхний ээлжинд уул уурхайн түүхий эдийг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон Ази, Европын бусад орнууд руу агаарын болон транзит тээврийн уян хатан нөхцөлөөр гаргах сувгийг нээх хэрэгтэй. Тэгж байж бид энэ их хамаарлыг бага ч гэсэн бууруулж чадна.
Өнөөдөр Монгол Улс олон талт дипломат бодлогыг хөгжүүлж АНУ, Япон, БНСУ, ЕХ-ны орнуудтай дипломат харилцаагаа "Гуравдагч хөрш"-ийн хэмжээнд тунхагласан. Гэвч энэ нь одоогоор улс төрийн түвшинд илүү давамгайлж, эдийн засгийн бодит үр өгөөж нь чамлалттай байна.
Тэр үүднээсээ манай улс эдийн засгийн хамаарлаа бууруулая гэвэл барууны өндөр технологи, ухаалаг хөдөө аж ахуй, мэдээллийн технологийн компаниудыг Монголд татах эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх хэрэгтэй.
Мөн олон улсын агаарын тээврийн зангилаа болох, дижитал эдийн засгийг хөгжүүлснээр газар зүйн түгжигдмэл байрлалаас үл хамааран дэлхийн зах зээлд хөл тавих боломжтой.
Мэдээж манай улс хоёр хөрштэйгээ олон салбарт хамтран ажиллаж байгаа. Тийм болохоор хоёр хөрштэйгөө сайн хөршийн найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад бодлогын тулгын чулуу хэвээр байх болно. Гэхдээ найрсаг байна гэдэг нь хараат байна гэсэн үг биш.
Монгол Улс эдийн засаг, эрчим хүч, тээвэр ложистикийн хувьд бие даасан, олон тулгуурт гадаад харилцааг хөгжүүлж чадсан цагт л жинхэнэ тусгаар тогтнол, аюулгүй байдлаа урт хугацаанд хадгалж үлдэж чадна. Харин энэ бол яг одоо цаг алдалгүй хийх ёстой үндэсний томоохон бодлогын нэг хэсэг юм.
Ж.Батдорж
