

Хүүхдийн тоглоомын талбай, орц гарц болон нийтийн эзэмшлийн талбайд архидан согтуурч буй иргэдэд шаардлага тавьж, бичлэг хийж, чанга яригч ашиглан асуудлыг олон нийтэд хүргэж буй Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, дөрвөн хүүхдийн аав С.Мөнхтулгатай ярилцлаа. Тэрбээр архидалттай тэмцэхэд зөвхөн иргэдийн санаачилга бус, төрийн байгууллагын бодит оролцоо шаардлагатайг онцолж байлаа.
Яагаад архидан согтуурч байгаа хүмүүст шаардалага тавьж буйгаа бичлэг хийж, чанга яригч ашиглан олон нийтэд хүргэхээр шийдсэн бэ?
Намайг С.Мөнхтулга гэдэг. Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, дөрвөн хүүхдийн аав. Хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн талбай, орц гарц зэрэг газарт архидан согтуурч байгаа нөхцөл байдлыг би эхнээс нь эсэргүүцэж ирсэн. Өдөр тутамдаа шаардлага тавьж, энэ асуудлыг хэлж ярьдаг байсан ч төдийлөн үр дүн гардаггүй байлаа. Ер нь дуугардаг хүн байхгүй, хүмүүс ч тоохоо больчихсон. Төр засаг нь ч энэ асуудалд анхаарахаа больсон мэт, архидалт хаа сайгүй хавтгайрсан байдалтай байна.
Өнөө үед хүмүүс зураг, бичлэг хийлгэхээс эмээдэг болсон байна. Тэгэхээр энэ айдсыг нь ашиглаад, асуудлын голыг нь атгаж үзье гэж бодсон. Гэхдээ зүгээр л бичлэг хийгээд, ярьж хэлээд байвал хүмүүс тоохгүй юм байна гэж ойлгосон. Тиймээс чанга дуугаръя гэж шийдээд цагаан хоолой, чанга яригчтай гарч эхэлсэн. Бичлэгээ хийж, чанга дуугаар шаардлага тавьж, энэ асуудлыг олон нийтэд хүргэж байвал хүмүүс анхаарч эхлэх болов уу. Цаашлаад төр засаг ч энэ асуудлыг анхаарч, тодорхой арга хэмжээ авах болов уу гэсэн бодол төрсөн.
Тиймээс л бичлэг хийж, чанга дуугарч, архидан согтуурч байгаа хүмүүст шаардлага тавьж явж байна. Гол зорилго нь хүмүүсийг доромжлох, зөрчилдөхдөө биш. Харин хүүхдүүдийн тоглож, хүмүүсийн амьдарч байгаа орчинд архидалт хэвийн үзэгдэл болчихсон энэ байдлыг өөрчлөхийг хүсэж байгаа юм.
Бичлэг хийж тэмцээд нийгэмд хэр их өөрчлөлт гарч байна гэж дүгнэж байна вэ?
Бичлэг хийж, энэ асуудалтай тэмцээд сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд ухамсарлаад, “Нээрээ тийм байна” гэж ойлгоод больж байгаа хүмүүс ч байна. Тэнд хүүхдийн тоглоомын талбай байна уу, хажууд нь хүүхэд тоглож байна уу, ерөөсөө хамаагүй. Орцныхоо үүдэнд хүртэл нэг, хоёр архичин архидаж л байдаг, хажууд нь нэг, хоёр, гурван хүн пиво ууж л байдаг. Энэ нь хүмүүсийн нүдэнд ердийн үзэгдэл болчихсон. Харин одоо иргэд өөрсдөө “Өчигдөр орой байр руугаа орохдоо нэг ч архичин таарсангүй, их сонин байна” гэж гайхаж байна. Уг нь бидний амьдрах орчин архидалтгүй байх нь хэвийн зүйл. Архичин таарахгүй байхад гайхдаг биш, архичин таарах нь хэвийн бус байх ёстой. Гэхдээ энэ асуудал шийдэгдээгүй улс үндэстний хэмжээнд аюулын харанга дэлдсэн маш том асуудал болоод байна. Архидалт нийгэмд вирус шиг тархсан гэж хэлэхэд болохоор, бүр хэлэх үг олдохгүй хэмжээнд хүрчихсэн байна. Бид архины асуудалтай хүмүүсийг шууд л “архичин” гэж хараад байдаг. Гэтэл бодит байдал дээр ажилтай, орлоготой, орон гэртэй хүмүүс ч архийг хэтрүүлэн хэрэглэж байна. Зарим нь бүр хүүхдээ хөхүүлж байхдаа нэг гартаа хүүхдээ, нөгөө гартаа пиво барьчихсан сууж байх жишээ байна. Өөрөөр хэлбэл энэ нь зөвхөн архины хамааралтай цөөн хүний асуудал биш, нийгэмд хэвийн үзэгдэл мэт хүлээн зөвшөөрөгдөөд байгаа нь хамгийн аюултай.
Мөн хүмүүс “Энд сууж уух миний эрх”, “Миний зураг, бичлэгийг хийх эрхгүй” гэж өөрсдийн эрхийг маш сайн ярьдаг. Гэхдээ ардчилсан нийгэмд миний эрх бусдын эрхийг хязгаарлаж болохгүй. Миний эрхээр таны, ялангуяа хүүхдийн эрх зөрчигдөж болохгүй. Зөвхөн “миний эрх” гэж харах биш, бусдын эрх, хүүхдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг давхар боддог болох хэрэгтэй.
Иргэдийн зүгээс таныг цагдаа нарын хийх ёстой ажлыг хийлээ. Цагдаа нар нь яагаад ажлаа хийхгүй байгаа юм бэ гэдэг асуудал гараад байна. таны зүгээс цагдаа нартай хамтарч ажилласан уу?
Иргэдээс “Цагдаа нар ажлаа хийхгүй байна” гэсэн шүүмжлэл их гараад байна. Гэхдээ асуудлыг зөвхөн цагдаа нарын буруу гэж харах нь өрөөсгөл юм. Хуулийн хүрээнд архидан согтуурч байгаа хүмүүсийг газар дээр нь торгох, арга хэмжээ авах боломж хязгаарлагдмал, холбогдох заалтууд нь өөрчлөгдсөн байдаг.
Тиймээс цагдаа нарын зүгээс ажиллах хүсэлгүйдээ биш, хууль эрх зүйн орчин нь өөрөө асуудалтай байна. Нөгөө талдаа цагдаа нарын орон тоо, хангамж, төсөв, ажлын ачаалалтай холбоотой асуудал ч байна. Жишээлбэл, хоёр хороонд нэг цагдаатай байх, жижүүрт гарсан цагдаа маргааш нь үргэлжлүүлээд ажиллах зэрэг цагдаа нараас өөрсдөөс нь шалтгаалахгүй хүндрэлүүд байдаг юм байна. Тиймээс хэдэн цагдаа ажлаа хийсэнгүй гэж харахаас илүүтэй, системийн хэмжээнд асуудлыг харах хэрэгтэй.
Мөн архины хамаарал, донтолтоос гаргах асуудлыг орхигдуулж болохгүй. Архинаас гаргах, донтолтоос эмчлэх улсын төвийн жилийн төсөв нь ердөө 52-хон сая төгрөг байхад бид энэ асуудлыг үндсээр нь шийдэж чадах уу гэдэг өөрөө том асуулт. Тэгэхээр зөвхөн архи ууж байгаа хүнийг торгоод, хөөгөөд асуудал шийдэгдэхгүй. Хууль эрх зүйн орчноо сайжруулах, цагдаагийн байгууллагын хүний нөөц, хангамжийг нэмэгдүүлэх, хамгийн гол нь архины хамааралтай хүмүүсийг эмчлэх, нийгэмшүүлэх тогтолцоог зэрэг хөгжүүлэх шаардлагатай.
Дараа дараагийн удаад ямар арга хэмжээ авъя гэж бодож байгаа вэ?
Одоогийн нөхцөл байдлын хувьд бид энэ асуудлыг зөвхөн ярьж, шаардлага тавиад орхихгүйгээр төрийн байгууллагуудад хүргэж эхэлсэн. Ерөнхий сайд болон хотын даргад Нэгдүгээр хорооллын 600 орчим иргэний гарын үсэгтэй шаардлага хүргүүлсэн. Үндсэндээ хоёр гол шаардлага тавьж байгаа. Нэгдүгээрт, цагдаагийн байгууллагын хангамж, хүний нөөц, орон тоог нэмэгдүүлж өгөөч гэж хүссэн. Хоёрдугаарт, байр, орон сууцны хорооллын дундах хүүхдүүд тоглож нааддаг, иргэд амарч суудаг нийтийн эзэмшлийн талбайг архидалтгүй ногоон бүс болгож зарлаач гэсэн шаардлага тавьсан.
Гадна талд нь баар, караоке зэрэг үйл ажиллагаа явуулдаг газрууд байж болно. Гэхдээ яг хүүхдүүд тоглодог, иргэд амарч суудаг байрны дундах талбайд архидан согтуурахыг зөвшөөрөх ёсгүй гэж бид үзэж байгаа. Тиймээс хүүхдийн тоглоомын талбай, орон сууцны хорооллын нийтийн эзэмшлийн талбайг архидалтгүй, аюулгүй орчин болгож өгөхийг төрөөс шаардаж байна.
Энэ архидалтын асуудлыг нийтээрээ хэрхэн харах хэрэгтэй гэж бодож байна вэ?
Одоо над руу байнга чат, хүсэлтүүд ирдэг болсон. “Захиалга өгье, энд нэг хүрээд ирээч, энд архичид байнга байна” гэж ээж, эмээ нар их бичдэг. Таван шарын залуус хүртэл “Хороололд ирээч, Таван шар хавиар хүрээд ирээч. Дуугардаг хүн алга” гэж хүсэлт явуулдаг. Тэгэхээр би “Уучлаарай, одоохондоо Нэгдүгээр хорооллоо бараадахгүй байна” гээд явж байна. Гэхдээ намайг ингэж яваад эхлэхээр янз бүрийн зүйл ярьдаг болсон. “Олны танил болох гээд байна”, “хандалт авах гэж байна”, “улс төрд орох гэж байна” гэх мэтээр хэлж, бас дарамталж байгаа хүмүүс байна. Зарим иргэд өөрсдөө хүртэл “Чи худлаа”, “Чи ингэх гэж байгаа” гэх мэтээр хэлдэг. Энэ нь дуугаръя гэсэн хүмүүсийн зоригийг мохоож байна. Гэхдээ би үүнд нэг их ач холбогдол өгдөггүй. Намайг юу гэж хэлэх нь хамаагүй. Би өөрийнхөө хүүхдүүдийн төлөө, ер нь хүүхдүүдийн амьдрах орчин аюулгүй байгаасай гэж хүсэж байгаа учраас дуугарч байгаа. Тиймээс намайг юу гэж хэлнэ, тэрийг нь би тоохгүй.
