

Нийслэл хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал өнөөдөр нийгмийн толгойны өвчин болсон. Энэ асуудлыг шийдэхийн тулд төрөөс сургууль, цэцэрлэгийн өргөтгөл барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг жил бүр хийдэг. Гэвч хүүхдийн суралцах орчныг нэмэгдүүлэх ёстой эдгээр бүтээн байгуулалтын ажлын явцад барилгын аюулгүй ажиллагаа зөрчигдөх, ажил удаашрах, хариуцлагагүй байдал гарсаар байна.
Үүний тод жишээ нь 100 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажил. Нурах дөхсөн хуучин барилгыг тойруулан өмнө нь хэд хэдэн удаа өргөтгөл хийж ирсэн тус цэцэрлэгийн хувьд энэ жил дахин өргөтгөлийн ажлыг эхлүүлжээ. Өмнө жил 170 сая төгрөгөөр барьсан “өргөтгөл” гэх коридорыг нурааж, суурин дээр нь дахин өргөтгөл барихаар болсон байна. Уг ажлыг зургаадугаар сард эхлүүлсэн ч бүтэн зуны турш ажил хийгээгүй байна. Харин наймдугаар сард газар ухаж, суурийн ажлаа эхлүүлсэн ч өнөөдрийг хүртэл ахиц бага, өдөрт ганц хоёр ажилчин ирээд явдаг гэх гомдол гарч байна.
Хамгийн ноцтой нь өргөтгөлийн суурь цэцэрлэгийн үндсэн барилгын хундаамд тулж, хундаамын ирмэг ил гарсан байдалтай байна. Өөрөөр хэлбэл барилгын ажил явагдаж буй энэ орчинд 80-90 хүүхэд өдөр бүр суралцаж байна. Ил гарсан суурийг засах арга хэмжээ авахгүй бол газар хөлдөх үеэр барилгын аюулгүй байдал алдагдаж нурах вий гэсэн айдас эцэг эхчүүд болон багш ажилчдын дунд байна.
Үүгээр зогсохгүй барилгын ажлын улмаас цахилгаан тасарч, цэцэрлэг дөрөв дэх өдрөө тоггүй байна. Гал тогоо ажиллах боломжгүй болсон тул хүүхдүүдийн хоолыг өөр газарт бэлтгэж, зөөвөрлөн авчрах нөхцөл үүсжээ. Хүүхдүүдийн тоглох гадна талбай ч барилгын ажлын газарт хуваарилагдаж тоглох гадна талбайгүй, цэцэрлэгээс орж гарах орц гарцгүй нөхцөл байдалтай байна. Өргөтгөл барих нэрээр хүүхдийн аюулгүй орчныг хумиж, цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагааг доголдуулах ёсгүй.
Хүүхдийн тоог нэмэхийн тулд барилга барьж байгаа атлаа тэр барилгын ажлаас болж хүүхдүүд эрсдэлтэй орчинд үлдэх нь зөв үү? Энэ бол зөвхөн 100 дугаар цэцэрлэгийн асуудал биш.

Төрийн тендерээр сургууль, цэцэрлэгийн барилга, өргөтгөлийн ажлыг гүйцэтгэхээр шалгарсан компаниуд ажлаа хугацаанд нь хийдэггүй, аюулгүй ажиллагааны шаардлага хангадаггүй, хүүхэд тухайн орчинд байнга зорчиж, суралцаж байгааг үл тоомсорлодог асуудал олон газарт давтагдсаар байна. Ажлын ахицгүй, өдөрт ганц хоёр ажилчин ирээд буцдаг. Хүүхдийн тоглох талбайд түр жорлон барьж, ажил цаашид хэрхэн үргэлжлэхээ мэдэхгүй хүмүүс өвөлтэй золгох нь ээ.
Харин хариуцлага нэхэхээр Боловсролын яам нь Боловсролын газраа, Боловсролын газар нь нийслэлээ заадаг. Хүүхдийн аюулгүй байдалд эрсдэл үүссэн үед хэн хариуцлага хүлээх вэ? Улсын ажлыг хойш татсан, аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй компанид хэн хариуцлага тооцох вэ? Хариуцлагыг нэг байгууллагаас нөгөө рүү шилжүүлдэг энэ тогтолцоо хэзээ дуусах вэ?
