

Бидний дунд үргэлж асуудал болсоор ирсэн бас хэзээ ч үл шийдэгдэх сэдэв бол түрээсийн байрны үнийн өсөлт юм. Ялангуяа хөдөө орон нутгаас ирсэн оюутнуудад хотод хамаатан байхгүй, сургуулийн дотуур байр дүүрсэн үед байр түрээслэхээс өөр аргагүй болдог. Түрээсийн байр хайх иргэдийн тоо олширч байгаа болоод ч тэр үү түрээслэгчид санасан үнээ хэлж барьцаа мөнгө болон 3-12 сарын түрээсийг нэг дор авдаг нь иргэдэд ихээхэн хүндрэл учруулдаг билээ. Байршлаасаа хамаараад нэг өрөө байрны үнэ 900 мянга болон түүнээс дээш байна.
“Зурагтын шинэ эцсийн автобусны буудлаас зүүн тийш байрлах нэг өрөө байранд цэвэрч нямбай нэгээс хоёр хүнд байр түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу очиж уулзлаа. Түрээслэгч нь “Сарын түрээс 900 мянга, төлбөрийг гурван сараар нь авна. Барьцаа 100 мянга, хэрэглээний тог ус нь тусдаа бодогддог. Нялх хүүхэдгүй, тэжээвэр амьтангүй байх, дуу чимээ гаргадаггүй цэвэрч нямбай суух ийм хүмүүсийг оруулна. Байрны эд хогшил эвдсэн тохиолдолд өөрсдөөр нь 100 хувь төлүүлнэ” гэв.
Байршлын хувьд хотын төвөөсөө зайдуу, бүр орон сууц ч биш газар байшингаа тэнгэрт хадсан үнэ хэлж олон аав, ээжийн хүүхдийн мөнгийг залилж авдаг, төлбөр нөхцөлийг нь ч дийлж барахааргүй шуналтай үнэ хэлэх түрээслэгчид олон болжээ.
Тэр байранд оршин суух иргэн Х.Нарангарав: “Би энэ байранд найз залуутайгаа хамт амьдардаг. Нүүж ирээд нэг сар болж байна. Зарын дагуу ирээд ороход их л цэвэрхэн байр байсан. Харин нэг хоносны маргааш бид хоёрын бие дээр улаан юм туурсан байсан эхэндээ зүгээр харшил байх гэж тоолгүй явсаар нэлээн хэд хоносны дараа л бясаатай байр гэдгийг нь мэдсэн.

Байрны эздэд нь хэлтэл хор цацаж өгөх нь байтугай ‘Манайд бясаа, жоом байхгүй та нар өөрсдөө ямар тавилгатай ирсэн тэрэнтэй чинь л хамт ирээ биз’ гэсэн хэнэг ч үгүй тайлбар өгсөн. Бид хоёр хөдөөнөөс ямар ч тавилгагүй ирсэн байхад л ингэж дайрсан. Ер нь өөрсдөдөө хир халдаахгүй хүмүүс. Сүүлд энд бусад байр түрээсэлдэг хүмүүсээс сонсоход ‘Энэ угийн бясаатай байр, танайх нүүж ирэхээс өмнөх айл нь нь бясаанд хазуулаад арга ядаад нүүгээд явсан. Тэр айлыг нүүж явсны дараа шавжны устгалаа хийх байх гэж бодсон ч тэгээгүй. Хоногийн мөнгөө бодоод шууд л танайхыг оруулчихсан’ гэсэн. Одоо бид хоёрыг гарна гэхээр барьцааны мөнгийг маань ч өгөхгүй гэх юм. Шавжгүй байр олох нь "Өдрийн од" шиг болсон шүү.
Дотроосоо илжирч муудсан байраа 1 сая болон түүнээс дээш үнэ хэлнэ. Төлбөрийн нөхцөл нь ч бараг нэг өрөө байрны урьдчилгаа хийгээд орохоор тэнцэхүйц тийм өндөр үнэтэй болсон байна.
Ядаж л үнэдээ таарсан цэвэрхэн байх нь чухал, зөвхөн мөнгө л олохын төлөө ингэж хүний эрүүл мэнд биеийг хохирооно. Гэдэг бол хүн чанар үнэхээр алга болжээ” гэж арга ядан ярив.

Дараагийн зарын дагуу очсон газар бол Баянбүрдийн тойрогт байрлах гурван ижилхэн хоёр давхар улаан тоосгон нийтийн байрууд, хаалгаар нь яваад ороход л архи, тамхи, нойлын бохирын үнэр нэвт сэнгэнэх, орцонд хог нь хөглөрч хогийн цэг үү, дотор нь хүн яаж амьдардаг юм бэ гэмээр.
Тэнд оршин суух хүнтэй таарахад “Энэ нь хэвийн үзэгдэл одоо ч бараг дасаж байна даа. Манай байрны түрээслэгч гэж жоохон яхир хүн байдаг юм. Өөрийгөө эндхийн босс гэж ярьдаг. Энд байр түрээслэн суудаг хэдэн оюутан, залуу хосуудыг үгийн муухайгаар хараана. Үргэлж захирангуй дээрэнгүй харьцаатай байдаг” гэв. Тэгээд яагаад ингэж хараалгуулан байж ийм заваан газар байдгийг нь асуухад “сарын төлбөр нь 500 мянга төлбөрөө сар сардаа авдаг. Өөр хямдхан хотын төвдөө боломжийн үнэтэй байр олдохгүй байна” гэж учирлав.


Байр түрээслэгчийг нь хайсаар очиж уулзав. Гэрийн халадтай, тамхи зуусан, үнэхээр л ааштай гэмээр 60 орчим насны эмэгтэй байв. Манайд одоо үлдсэн ганцхан ганцхан байр гээд ханын цаас нь хууларсан, дусаал гоождог гэмээр тааз нь нурж унасан зэвхий хүйт даасан алга дарам, нүх шиг харанхуй байр үзүүлэв.
Ийм байрандаа яаж хүн амьдар гэдэг юм бэ, засвар хийгээд түрээсэлж болдоггүй юу? гэж асуухад “Тэгээд орвол ор, боливол боль чамаас өөр орох гэсэн хүмүүс байна. Зар тавингуут утас амраалгүй залгаж асуудаг. Манайх шиг төлбөрийн уян хатан сар сардаа түрээсээ аваад явдаг байр байх ч үгүй” гэж бахдам ярих байрны эзэн, ийм аймшигтай оромжиндоо хүн байлгасныхаа төлөө мөнгө авдаг гэхээр үнэхээр хайран санагдаж бас халаглаж байна. Байрны үнэ хэзээ ч буурахгүй өссөөр байх болно гэдгийг мэдэх ч хүн хүндээ жоохон хайртай байж цэвэрхэн, жоом бясаагүй байраа түрээсэлдэг байгаасай гэдгийг хүсэж энэ сурвалжилгаа бичлээ.

Б.Ариунжаргал
