Улс төр
3 цагийн дараа
202
Х.Баасанжаргал: Хувийн сургуульд нийтдээ 9.8 тэрбум төгрөгийг төсөвлөжээ

Төсвийн тодотгол хэлэлцэх үеэр Хан-Уул дүүргийн хувийн сургуулиудад 9.8 тэрбум төгрөг төсөвлөгдөөд байна. Энэ талаар Х.Баасанжаргал гишүүнээс тодрууллаа.

Төсвийн тодотгол гэдэг нь үлдсэн гурван сард нэмж зарцуулах мөнгө шаардалагтай боллоо гэсэн үг. Манай улсын хувьд хүүхдүүдийн тоо, сургуулийн ачаалал их нь ойлгомжтой. Гэхдээ үүнийг оны эхэнд тооцоолж чадахгүй, одоо дахин оруулж ирж байгаад гайхаж байна.

Нэгдүгээрт улсын сургуулиуд дээр хуваарилагдаж байгаа төсөв дотор олон улсын хөтөлбөртэй 3 сургуульд 3 тэрбум төгрөг нэмж орж ирж байна. Олон улсын хөтөлбөртэй сургуулийн багш нарын цалин улсын сургуулийн багш нарын цалингаас 50 хувиар илүү байдаг байна. Үүн дээр олон улсын хөтөлбөртэй сургуульд буруу өгөх бус, төрөөс үзүүлж байгаа боловсролын үйлчилгээний тэгш бус байдлыг төр өөрөө бий болгоод байна. Яагаад ийм ялгааг гаргаж байгаа вэ? Нийтлэг боловсрол дээр олон асуудал байхад зөвхөн 3 сургуульд л 3 тэрбум өгч байна.

Хоёрдугаарт “Гэрт ойр сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхэд төсвийн төсөлд 50 тэрбум төгрөгийг нэмж тусгажээ. Гэтэл энэ хувьсах зардлыг зөвхөн Хан-Уул дүүрэгт байрлах 3 хувийн сургуульд олгож байна. Зөвхөн Хан-Уул дүүрэг ачаалалтай байгаа юм биш шүү дээ. Баянзүрх, Сонгинохайрхан гээд асуудалтай дүүргүүд олон байна. Хамгийн ачаалалтай дүүргүүд дээр энэ ачаалал огт хуваарилагдаагүй байна. Нэг хүүхдийн хувьсах зардал 5500 төгрөг гээд 2.6 тэрбум төгрөгийг Хан-Уул дүүргийн хувийн 3 сургуульд өгч байна. Баялгийн хуваарилалт зөвхөн Хан-Уул дүүргийн сургуулиудын хөнгөлөлтөд зарцуулагдаж байна.

Гуравдугаарт төрөлжсөн лаборатори сургууль байгуулах, эдгээрт шаардлагатай тоног төхөөрөмжийн зардал гэдэг төсөв 5, 6 улсын сургуульд оруулж ирсэн байна. Гэтэл үүн дотор хоёр хувийн сургуульд 7 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн төсөв тавигдсан байна.

Нийтдээ 4 хувийн сургуульд 9.8 тэрбум төгрөгийг хувийн сургуулиудад өгөх гэж байна. Боловсролын салбарт сурах бичиг, анги танхимын хүрэлцээ гэх мэт олон асуудал байхад тэр дундаа төсвийн тодотгол дээр орж ирж байгаад шүүмжлэлтэй хандаж байна.