

Сүүлийн жилүүдэд баавгай суурьшлын бүс руу орж ирэх тохиолдол ихээр гарах болсон. 2019 онд тус суманд хүрэн баавгай суурьшлын бүс руу бууж, нэг гэр бүлийн хоёр хүний аминд хүрсэн харамсалтай тохиолдол гарч байсан юм.
Аав, хүү хоёр баавгайд бариулж эндсэний дараа ч тоймтой арга хэмжээ аваагүй, энэ хэргийн талаар хэсэг ярьж байгаад л мартагдсан.
Харин хоёр хоногийн өмнө Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт айлын гэр руу баавгай дайрсан тохиолдол дахин гарчээ. Азаар гэрийн эзэд гэртээ байхгүй байснаар хүний амь нас эрсдээгүй байна.
Гэвч үүнээс гадна баавгай суурьшлын бүс руу орсон 10 гаруй тохиолдол зөвхөн энэ онд бүртгэгджээ.
Тиймээс тус асуудлын талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас тодруулахад, баавгай суурьшлын бүсэд орж ирэх нь хэд хэдэн шалтгаантай байдаг.
-Хоол хүнс хомсдох
-Тоо толгой нь нэмэгдсэн шалтгаанаар орж ирдэг. Харин энэ жил баавгай яагаад суурьшлын бүсэд бууж ирснийг судалгаа хийсний дараа тогтоогдоно гэлээ.
Одоогийн байдлаар аймгийн Байгаль орчны газар, Онцгой байдал, орон нутгийн онцгой комисс хамтраад тухайн амьтныг айлгаж, цочоолгүйгээр хөөж үргээх арга хэмжээ авч байгаа аж. Гэхдээ энэ мэт тохиолдол нэмэгдсээр байвал малчдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө сүйдэж мэдэхээр байгаа юм. Тиймээс баавгай суурьшлын бүсэд бууж ирж байгаа шалтгааныг яаралтай тодруулж арга хэмжээ авах шаардлагатай байна.
