

Төсвийн тодотголоор хувийн сургуулиудад 7 тэрбум төгрөгөөр Хан-Уул дүүрэгт байрлах хоёр хувийн сургуульд тоног төхөөрөмж авч өгнө гэсэн мэдээлэл гараад байна. Энэ талаар болосролын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очироос тодрууллаа.
Есдүгээр сарын 1-нээс “Эрдэм Нова” гэдэг ганцхан сургуультай төрөлжсөн ахлах сургуулийг өөрийн менежментээр хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Бусад “Их Засаг”, “Шинэ Санаа”, “Империал”, Баянгол дүүргийн “Грийн” зэрэг 5-6 сургууль мөн хүсэлт тавьсан. Одоогоор гэрээ байгуулагдаж, үйл ажиллагаа эхлээгүй байна.
Хувийн сургуульд улсын төсвөөр тоног төхөөрөмж авч өгөхгүй. Хуулийн хувьд ч хувийн сургуульд улсын төсвөөс мөнгө олгох боломжгүй. Тиймээс хамтран ажиллаж байгаа сургуульдаа зөвхөн хувьсах зардлын санхүүжилтийг төсөвлөсөн. Энэ санхүүжилтийг тухайн сургууль ямар хөтөлбөр, төлөвлөгөө хэрэгжүүлэх, үүнд ямар хэмжээний зардал шаардлагатай вэ гэдэгт үндэслэн тооцно.
Тухайлбал, Сурагчид 15 чиглэлийн хичээлээс зургааг нь сонгон судалбал тухайн зургаан хичээлийн зардлыг тооцож, анги тус бүр, хүүхэд тус бүрээр санхүүжилтийг тооцно. Мянган хүүхэдтэй бүрэн дунд сургуулийн хувьсах зардал 3.8 тэрбум төгрөг байдаг. Харин бидний хувьд тухайн сургуулийн хэрэгжүүлэх хөтөлбөрт зориулсан зардлыг л олгоно. Өөрөөр хэлбэл, хувьсах зардлын санхүүжилтээр дамжуулан хамтран ажиллана.
