Ж.Батдорж
Сэтгүүлч, Нийтлэлч
Засгийн газар
5 цагийн дараа
99
Б.Найдалаа: Эрчим хүч бол улс төржиж болохгүй салбар

Эрчим хүчний сайд Б.Найдалаа Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 75 хувьтай байгаа. Есдүгээр сарын сүүлээр 100 хувь болно. Өвөл чадлын дутагдлаа импортоор нөхнө. Ямар ч нөөцгүй ажиллана. Цахилгаан станцуудын нэг ч зуух сул зогсохгүй бүх хүчин чадлаараа өдөр, шөнөгүй ажиллана гэсэн үг. Эрсдэл байгаа ч хязгаарлалт хийхгүйн төлөө хичээж ажиллана.

Найман аймгийн 21 суманд нээлттэй сумдын эрчим хүчийг чанартай болгох үүднээс сонгон шалгаруулалтыг зарласан байгаа. Иймэрхүү байдлаар эрчим хүчний яамнаас эрчим хүчний найдвартай байдлыг дээшлүүлэх зорилгоор багц байдлаар зарлаад явж байна. Гэхдээ эрчим хүчний аукционыг нууцаар хийх боломжгүй. Эрчим хүчний салбар нээлттэй болсон.

Бид нар Оюутолгойн хэрэглээг 2030 оноос өөрсдийн эрчим хүчээр хангахаар ажиллаж байна. Тэгэхгүй бол бид нар 100 хувь урд хөршөөс хамааралтай байх болно. Одоо манай улс энэ төсөл дээр жилд 140 орчим сая доллар урд хөршид төлдөг. Уул нь Оюутолгойг эрчим хүчээр хангах станцыг бид аль эрт барьчих ёстой байсан.

Одоо бид нар эрчим хүчний хамаарлаа бага болгох тал дээр ажиллах ёстой. Дараа нь 100 хувь байхгүй болгоё гэж байгаа. Таван толгойн цахилгаан станцыг барихаар 2012 оноос ярьсан ч өнөөг хүртэл баригдаагүй байгаа.

Гацаагчдаас болоод Монгол Улс бүх төрлийн цахилгаан станцаа барьж чадахгүй өдий хүрсэн. Нүүрсний асар их нөөцтэй байж эрчим хүчний хэрэглээнийхээ тавны нэгийг гадаадаас гуйж байгаа. Тэр утгаараа эрчим хүчний салбар бол улс төржиж болохгүй салбар” гэлээ.