Ж.Батдорж
Сэтгүүлч, Нийтлэлч
Нийгэм
5 цагийн дараа
75
Монгол Улс урд хөршөөс эрчим хүчний хамааралтай болвол үндэсний аюулгүй байдалд эрсдэлтэй нөхцөл байдал үүснэ

Өнөөдөр дэлхий дахинд улс орнуудын тусгаар тогтнол, аюулгүй байдал зөвхөн цэрэг зэвсгээр бус, эдийн засаг болон эрчим хүчний хараат бус байдлаар хэмжигддэг болсон. Монгол Улсын хувьд эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд дотоодын үйлдвэрлэл нь энэхүү өсөлтийг гүйцэхгүй байгаа нь нууц биш.

Эрчим хүчний зохицуулах хорооны тайлангаар манай улс нийт эрчим хүчнийхээ 24.7 орчим хувийг импортоор хангаж байна. Үүний дотор урд хөршөөс импортолж буй цахилгааны хэмжээ тогтмол өсөж, манай улсын эрчим хүчний аюулгүй байдал, стратегийн бие даасан байдалд бодит эрсдэлүүдийг дагуулж байна.

Өнөөдөр Монгол Улс жилд дунджаар 2.7 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүчийг гаднаас импортолж үүнд 216 гаруй сая ам.доллар зарцуулж байна.

Мөн нийт импортын цахилгааны 63.6 хувийг  зөвхөн БНХАУ-аас худалдан авч байгаа бол үлдсэн 36.4 хувийг ОХУ-аас авч байна. Ийнхүү Монгол Улс нийт цахилгаан эрчим хүчнийхээ 20 гаруй хувийг хөрш хоёр орноос импортоор хангаж байна.

Хятадаас авч буй цахилгаан эрчим хүчний үнэ ОХУ-аас авдаг үнээс өндөр байдаг бөгөөд нийт импортын зардлын хамгийн их хувийг (144.9 сая ам.доллар) урд хөршид нийлүүлж байна.

Мөн өвлийн оргил ачааллын үеэр дотоодын систем ачааллаа дийлэхгүйн улмаас импортоос гадна ААН, айл өрхүүдийн цахилгааныг ээлжлэн хязгаарлах арга хэмжээ авдаг нь манай улсын эрчим хүчний систем хэчнээн хэврэг байгааг харуулж байна.

Өнөөдөр Монгол Улсын экспортын гол тулгуур, ДНБ-ийг бүрдүүлэгч Оюу толгой, Таван толгой зэрэг өмнөд бүсийн стратегийн мега төслүүд Хятадын эрчим хүчний системээс бүрэн хамааралтай ажиллаж байна. Хэрэв техникийн саатал эсвэл улс төрийн үл ойлголцол үүсэж цахилгаан тасарвал манай улсын экспортын гол орлого тэр дороо зогсох аюултай.

Эрчим хүч гэдэг бол улс төрийн хамгийн том хөзөр бөгөөд тэр үүднээсээ нэг улсаас хэт хараат байх нь манай улсыг бие даасан гадаад бодлого явуулах, үндэсний язгуур ашиг сонирхлоо хамгаалахад тээг болж, урд хөршийн зүгээс эдийн засгийн тулгалт хийх боломжийг бүрдүүлнэ.

Саяхан энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өөрийн байр суурийг илэрхийлсэн бөгөөд тэрээр “Манай улс ОХУ-аас эрчим хүчний хараат байсан бол одоо Хятадаас хараат болох гэж байна. Ирэх оны төсөв дээр Хятад Улсад төлөх эрчим хүчний алдагдлын татаас 51.4 тэрбум байгаа бол ОХУ-ынх 30 тэрбум болж байна. Ингээд нэг орноос хараат байсан бол одоо хоёр дахь орноосоо эрчим хүчний хараат болж байна” гэсэн байна.

Дэлхийн аль ч улс оронд эрчим хүчний бодлого эдийн засгийн хэрэглүүр гэхээсээ геополитикийн хүчтэй зэвсэг байдаг.

Хэрэв Монгол Улсын үйлдвэрлэл, мега төслүүд, хотуудын цахилгааны дийлэнх хувь нь урд хөршөөс хамааралтай болвол тухайн улс өөрийн дипломат болон улс төрийн ашиг сонирхлыг хүчээр тулгах боломж бүрдэнэ.

Мөн энэ хамаарал хэт өндөр болвол манай улсад юмны үнэ өсөх, инфляци хөөрөгдөх, төгрөгийн ханш сулрах, гадагшаа  урсах валютын урсгал нэмэгдэх сөрөг үр дагавартай. Өөрөөр хэлбэл, Монголын эдийн засгийн "цусны эргэлт" харийн бодлогоос хамааралтай болно.

Эцэст нь хэлэхэд эрчим хүчний хараат бус байдал бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа юм. Урд хөрштэй эдийн засгийн түншлэлтэй байх нь чухал хэдий ч, стратегийн амин чухал салбараа бүрэн даатгах нь үндэсний аюулгүй байдлыг эрсдэлд оруулна. Тэр утгаараа Монгол улс цахилгаан эрчим хүчнийхээ бодлогыг өөрсдийн гарт хадгалж үлдэх ёстой.

 

Ж.Батдорж