

2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр УИХ-ын ээлжит бус чуулган даваа гарагт нээлтээ хийсэн. Харин энэ үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа Нара ГБХНХ-ын сайд Т.Аубакирыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайдаас хүссэн.
Тэгвэл уг асуудлаар ГБХНХ-ын сайд Т.Аубакираас тодруулахад “Монголын парламентын түүхэнд хараар бичигдэх үйл явдал боллоо. Дэлхийн улс үндэстнүүд жигшин зэвүүцдэг ялгаварлан гадуурхах “фашист” гэмт хэргийг УИХ-ын гишүүн хийж байгаад маш их харамсаж байна. Энэ асуудал дээр хуулийн байгууллага ажиллаж байгаа” гэсэн юм.
Харин М.Нарантуяа Нара гишүүн “Казакстаны консулын газрыг Баян-Өлгийд барина гэж ярьснаараа энэхүү маргааныг Т.Аубакир сайд өөрөө үүсгэсэн. Үүнийг нь гайхаж асуудал дэвшүүлэхэд үй олон казах иргэд над руу дайрсан” гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө. Ийнхүү өнөөдрийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр төсвийн тодотголыг хэлэлцэж байхад эрхэм гишүүд хоорондоо маргаж, хуралдааныг үймүүлэв.
Тодруулбал, “Монголын парламентад ийм хүн байгаа нь гутамшиг “Битгий солиор”. Надаас долоон дор урвагч нар танайд байсан. Утас барихаас өөр чамд ямар ид шид байгаа юм” гэх мэт гудамжны үг хэллэгийг төрийн ордонд хайр найргүй шидэлцээд амжив.
Энэ мэт хувийн асуудлаа төрийн ажилтай хольж, нэгнээ гутаах явдал нэмэгдэж байгаа нь ёстой л Монголын парламентын түүхэнд байгаагүй ”хар толбо” болж байна.
