

2010-2026 онд Төсвийн тухай хуульд 71 удаа, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 22 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна.
2026 оны төсвийн тодотголтой хамт Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Тэгвэл энэхүү хуулийн төсөлд ямар өөрчлөлтүүд багтсан бэ?
6.1.3 дахь заалтын өөрчлөлт
Урсгал зарлага ДНБ-ий 30 хувиас хэтрэхгүй гэсэн хязгаарлалт нь улсын төсвийг “хэтэрхий том хэрэглээний хөөс” болохоос хамгаалж байсан сүүлчийн ганц хаалт байв.
Үүнийг цуцалснаар төсөв хөгжлийн хэрэгсэл бус, зөвхөн сонгуулиас сонгуулийн хооронд бэлэн мөнгө, халамж тараадаг улс төрийн хэрэгсэл болон хувирах томоохон хор уршигтай юм. Төсвийн хатуу тоон хязгаарлалтуудыг авч, оронд нь эдийн засгийн өсөлтөд тулгуурласан уян зохицуулалтын систем рүү шилжүүлэхийг зорьж байна.
7.5 дахь заалтыг хүчингүй болгох
Энэхүү заалт нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг баталсны дараа дор хаяж 3 сарын хугацаанд тухайн жилийн төсөв болон тодотголыг өргөн барих, батлахыг хориглодог. Энэ нь төсвийг яаравчлан, судалгаагүй өөрчлөхөөс сэргийлсэн чухал “хамгаалалтын механизм” юм .
Энэхүү заалтыг цуцалснаар төсвийн сахилга бат сулрах, бодлогын тогтвортой байдал алдагдах, хяналтын хугацаа багасах эрсдэл нэмэгдэнэ.
Улсын төсөвд хяналт тавьдаг хөндлөнгийн байгууллага болох Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс уг заалт нь төсвийг хамгаалдаг чухал хязгаарлалт тул хэвээр үлдээх шаардлагатай гэж үзэж байна.
Мөн тус байгууллагын зүгээс “Төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн хуулийн өөрчлөлт оруулахдаа үндэслэл, тооцоо судалгааг сайжруулах шаардлагатай байна. Төсвийн тогтолцоог сулруулах өөрчлөлт хийх хандлага үргэлжилж байна” гэж дүгнэжээ.
