Ж.Батдорж
Сэтгүүлч, Нийтлэлч
Боловсрол
2026.09.10 09:23
147
Тэгш бус байдлын уурхай болсон хувийн дунд сургуулиудыг хориглоё

Боловсрол бол аливаа улс орны ирээдүйг тодорхойлох хамгийн хүчтэй зэвсэг төдийгүй улс орны хөгжлийг тодорхойлох тулгуур багана гэдгийг хүн бүхэн мэднэ. Гэвч өнөөдөр манай улсад боловсролын систем гэдэг зүйл ашиг хонжоо хайсан хэсэг бүлэг хүмүүсийн мөнгө олох хэрэгсэл болоод удаж байна. Үүний нэг тодорхой жишээ нь өнөөдөр Монгол улсад цэцэглэж буй хувийн дунд сургуулийн бизнес юм. 

Хувийн дунд сургуулиуд нь анх үүсэн байгуулагдахдаа боловсролын чанарыг сайжруулж, сонголтыг бий болгох сайн зорилготой байсан байж болох ч өнөөдөр эдгээр сургуулиуд нийгмийн цөөнхөд зориулагдсан хаалттай клуб шиг ажиллаж байна.

Өнөөдөр Монголд хувийн дунд сургуулийн жилийн төлбөр нь жирийн иргэний хэдэн жилийн цалинтай тэнцэж, хүүхдүүд тэнд эрдэм мэдлэг, авьяас чадвараараа бус, эцэг эхийнхээ хөрөнгө чинээний хэмжээгээр ялгаран суралцаж байна.

Тэгвэл нийгэм дэх энэ тэгш бус байдлыг гүнзгийрүүлж, Үндсэн хуулиар олгогдсон "тэгш эрх"-ийг зөрчиж буй хувийн дунд сургуулиудыг хуулиар хориглож, улсын сургуулиудыг жигд чанартай болгох цаг хэдийнэ болсон. Хувийн дунд сургуулиудыг хориглох ёстой хамгийн гол шалтгаан нь жирийн иргэдийг баян хоосноор нь ялгаварлан гадуурхаж боловсролыг тэгш бус хүртээж байгаа явдлыг болиулах явдал гэж хэлж болно. 

Өнөөдөр улс орны ирээдүй болсон нийт хүүхдүүдийн 80 гаруй хувь нь улсын сургуульд сурч байхад хувийн гэх тодотголтой сургуульд цөөн тооны хүүхэд сурч байгаа нь шударга бус тогтолцоо юм. Үүнээс гадна хувийн дунд сургуулиуд нь төрийн сургуулиудын чадавхийг асар ихээр сулруулж чадвартай, шилдэг багш нарыг өндөр цалингийн амлалтаар хууран улсын сургуулиудад багшлах боловсон хүчний хомсдлийг үүсгэж байна.

Энэ нь эргээд улсын сургуулийн чанарыг улам муутгаж, дундаж болон бага орлоготой иргэдийг хохироож улмаар Монголын нийгэмд кастын тогтолцоог бодит утгаар нь бүрэлдүүлж байна. Мөн нөгөө талаар хувийн дунд сургуулиуд чанартай гэдэг нотолгоо дэлхий даяар байхгүй.

Тэгвэл дэлхийд боловсролын системээрээ тэргүүлэгч гэгддэг Финланд улсад хувийн дунд сургууль гэдэг зүйл огт байдаггүй бөгөөд тус улс дунд сургуулиудаа ижил түвшинд хөгжүүлснээр амжилтад хүрсэн түүхтэй.

Харин манай улсад зах зээлд шилжсэнээс хойш хувийн дунд сургууль гэх хачин үзэгдэл бий болж боловсролын тэгш бус байдлыг улам бүр дэвэргэсээр байна. Өнөөдөр хувийн гэх тодотголтой дунд сургуулиудын төлбөр 750 мянган төгрөгөөс 36 мянган ам.долларын хооронд хэлбэлзэж байна. Эдгээр нь гадаадын хөрөнгө оруулалттай сургуулиас гадна Монголын зарим пүүс компаниудын үүсгэн байгуулсан сургуулиуд юм.

Цахим орчинд байгаа мэдээллээр өнөөдөр манай улсын хамгийн өндөр төлбөртэй хувийн дунд сургуулиар “International school of Ulaanbaatar” хэмээх сургууль ордог байна. Тус сургуулийн нэгдүгээр ангийн элсэгчийн төлбөр 27 мянган ам.доллар бөгөөд харин дунд болон ахлах ангийн төлбөр үүнээсээ өсөөд 36 мянган ам долларт хүрч байна. 

Мөн Кембрижийн хөтөлбөрийг сургалтдаа нэвтрүүлсэн гэх “Орчлон” сургуулийн төлбөр 18 сая байх агаад тус сургуульд Монголын толгой баячуудын хүүхдүүд сурдаг байна. Энэ нь үнэндээ жирийн иргэдийн хувьд мөрөөдөөд ч олох боломжгүй асар их мөнгө бөгөөд ийм мөнгийг тэдний зарим нь насаараа ажиллаад ч олж чадахгүй нь үнэн юм.

Тэр үүднээсээ улс орныхоо ирээдүй хойч үеийг баян хоосноор нь ялгаварлан гадуурхсан ийм систем цаашдаа удаан хугацаанд оршин тогтновол Монгол улсад гай болохоос тус болохгүй нь ойлгомжтой юм. Эцэст нь энэ бүхнийг дүгнэж хэлэхэд боловсрол бол мөнгө олох хэрэгсэл биш, харин аливаа улс орны үндэсний аюулгүй байдал, ирээдүйн баталгаа гэдгийг хүн бүхэн ойлгох хэрэгтэй.

Тэр үүднээсээ бяцхан хүүхдүүдийг баян, хоосноор нь ангилж, тэдэнд хүртээх ирээдүйн тэгш боломжийг нь хязгаарлаж буй эдгээр хувийн сургуулиудыг хаах цаг нь болсон гэж бодож байна. Хэрэв тэгэхгүй бол Монгол улс ирээдүйд боловсролын тогтолцоо нь кастын системд орж нийгэмд баян хоосны ялгаа улам бүр гүнзгийрэх болно.

 

Ж.Батдорж