

Орос, Хятадыг холбосон "Сибирийн хүч 2" байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжуулан барих тухай асуудал олон жилийн турш манай улс төрчдийн амны уншлага байсаар ирсэн.
Өмнө нь энэ асуудлаар Монгол улсын өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдын албыг хашиж байхдаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй хэд хэдэн удаа уулзаж харилцан тохиролцсон гэж хэвлэлээр гарч байсан ч энэ төсөл өнөөг хүртэл биеллээ олоогүйг бид бүхэн мэднэ.
Албаны хүмүүс үүнийг "Монголын эдийн засгийг аврах мега төсөл", "транзит улс болох түүхэн боломж" хэмээн өөдрөгөөр дүрсэлдэг ч энэ талын мэргэжлийн хүмүүс уг төсөл Монголд хэрэгжих нь туйлын эргэлзээтэй гэсэн байр суурийг илэрхийлдэг.
Мөн энэ төслийг бодит ажил хэрэг болгохоор ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй өмнө нь хэд хэдэн удаа уулзсан ч ямар нэгэн ахиц дэвшил гараагүй. Тэгвэл хамгийн сүүлийн үеийн мэдээллээр энэхүү төсөл бараг зогссон гэх мэдээлэл байна.
Хятадын South China Morning Post сонинд хамгийн сүүлд гарсан мэдээллээр Оросоос Монголоор дайруулан Хятад руу байгалийн хий дамжуулах “Сибирийн Хүч 2” хоолойн төсөл хоёр улсын үнэ тарифын санал зөрөлдөөний улмаас гацсан гэж мэдээлсэн байна.
Тус сонинд бичсэнээр Оросын “Газпром болон Хятадын CNPC (China National Petroleum Corporation) компаниуд одоо Алс Дорнодын хоолойгоор Оросын байгалийн хийг Хятадын зах зээлд нийлүүлэх замын багтаамжийг өргөжүүлэх талаар хэлэлцэж байгаа бөгөөд Сибирийн Хүч 1 хоолойд ч бас адил өргөжүүлэх ажил хийгдэж байна” гэж нэрээ нууцалсан хоёр дахь эх сурвалж мэдээлсэн байна.
Өөрөөр хэлбэл талууд шинэ “Сибирийн Хүч 2” төслийг орхиж, одоо ажиллаж байгаа хоёр чиглэлийн хоолойгоор нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээр ажиллаж байна” гэж бичсэн байна.
Монгол улсын хувьд энэ төслийн хамгийн гол хүлээлт бол энэ хоолойгоор дамжин өнгөрөх хийнээс транзит төлбөр авна гэж олон жил ярьж ирсэн. Гэвч байгалийн хийн үнэ болон тээвэрлэлтийн тарифыг Орос, Хятад хоёр шууд тохиролцдог бөгөөд Бээжин өнөөдрийг хүртэл хийн үнээ хэт хямд байлгах шаардлага тавьж, уг төслийг сунгасаар ирсэн.
Тэгвэл ийм нөхцөлд хоёр том гүрэн өөрсдийн ашгийг нэмэгдүүлэхийн тулд дундаа байгаа Монгол Улсад өгөх хураамжийг хамгийн доод түвшинд барих эсвэл бүр өөр хэлбэрийн бараа, үйлчилгээгээр солих (бартердах) дарамт шахалт үзүүлэх магадлалтай юм.
Тэр утгаараа бид өөрсдөө үнэ тариф тогтоох ямар ч эрх мэдэлгүй бөгөөд зөвхөн тэдний үзэгний үзүүрийг харж суух нь ойлгомжтой.
Мөн нөгөө талаас олон улсад үүссэн геополитикийн нөхцөл байдал, эдийн засгийн нарийн тооцооллыг тооцож үзвэл энэхүү хийн хоолой Монгол Улсад ямар ч бодит ашиггүй төдийгүй, харин ч эрсдэл дагуулсан "хоосон найдвар" байх магадлалтай байна.
Үүний зэрэгцээ манай зарим улс төрчид "энэ хоолойноос Монгол Улс хий авч, хотуудаа утаанаас салгана" гэх үлгэрийн юмыг ярьдаг.
Гэтэл бодит байдал дээр транзит хоолойноос өндөр даралттай хийг салгаж, дотоодын хэрэглээнд зориулан багасгах станц, Улаанбаатар болон бусад хотууд руу түгээх шугам сүлжээг барихад асар их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай.
Мөн энэхүү дэд бүтцийг барих мөнгө Монгол улсад байхгүй бөгөөд Хятад руу нийлүүлж буй экспортын үнэтэй хийг манай иргэд, үйлдвэрүүд худалдан авч дийлэх үү гэдэг нь эргэлзээтэй юм.
Тэр утгаараа хэрэв энэ төсөл хэрэгждэг юмаа гэхэд бид хийн хоолойг нутгаараа дайруулан хараад л өнгөрөхөөс биш, өөрсдөө хэрэглэж чадахгүй байх эрсдэл өндөр байна.
Үүний зэрэгцээ өнөөдөр Монгол Улс эрчим хүч, түлш шатахууны хувьд хойд хөршөөс бараг 90 хувь хараат байдалд байдаг. Дээр нь стратегийн чухал ач холбогдолтой хийн хоолойг нутаг дээрээ байршуулснаар ОХУ-ын геополитикийн бодлогын "барьцаа" болох аюултай. Хөрш орнуудын харилцаа муудах, эсвэл Орос улс хийгээ хаах, хэмжээг нь багасгах үед Монгол Улс хоёр аварга гүрний дундах зөрчилдөөний хөлд үрэгдэх нь гарцаагүй.
Мөн "Гуравдагч хөрш"-ийн бодлого баримталдаг манай улсын хувьд энэ төсөл нь бусад барууны хөрөнгө оруулагчдыг үргээх сөрөг нөлөөтэй байх магадлалтай юм.
Үүнээс гадна уг хийн хоолой нь Монгол орны байгалийн эмзэг экосистем, ой мод, бэлчээрийн газрыг дайран өнгөрөх бөгөөд барилга угсралтын шатанд байгаль орчинд учрах хохирол, мөн ашиглалтын явцад гарч болох техникийн осол, хий алдагдах зэрэг эрсдэлийг Монгол Улс өөрөө үүрэх нь тодорхой.
Үүний нөхөн сэргээлт болон байгаль орчны хохирлыг Орос, Хятадын аль нь ч хариуцахгүй бөгөөд манай улсад үлдэх хор уршиг нь дамжин өнгөрөх хэдэн төгрөгөөс хавьгүй үнэтэй тусах нь ойлгомжтой.
Энэ үүднээсээ "Сибирийн хүч 2" төсөл нь Монгол Улсад ямар ч ашиггүй бөгөөд харин Орос-Хятад хоёр улсын эдийн засгийн дамжин өнгөрөх "дамжлага бааз" болох магадлалтай.
Мөн уг төслөөс олох ашиг нь маш бүрхэг, харин үүнээс үүдэн гарах тусгаар тогтнол, эдийн засаг, байгаль орчны эрсдэл нь илүү хүнд тусна гэж үзэж болохоор байна.
Энэ утгаараа Монгол Улс уг төсөл оролцсоноор гадны улсын хоосон амлалтад хууртаж, бусдын эрчим хүчний хэрэгсэл болох эрсдэлтэй.
Харин үүний оронд манай улс дотоодын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний бие даасан байдлаа хөгжүүлвэл алс хэтдээ илүү алсыг харсан алхам болж Орос, Хятад хоёроос түлш шатахуун, эрчим хүчний хувьд ямар ч хамааралгүй болох боломжтой юм.
Ж.Батдорж
